П.Мөнгөнсор
01 сарын 22, 2024
Өнгөрсөн бямба гарагаас (2024.01.20) эхлэн нийтийн тээвэр шинэчилсэн маршрутын дагуу явж эхлэв. Угтаа автобусны чиглэлийн давхцалыг арилгаж, цаг хэмнэх гэж гаргасан энэ шийдвэр олон ч иргэдийн бухимдлыг төрүүллээ.
Ингээд өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэдээс 6500 орчим санал, гомдол ирсэн учраас нийтийн тээврийн өмнө нь явж байсан 71 чиглэлийг сэргээх шийдвэрийг мөн л гэнэт гаргаж орхив.
Хүнээ боддоггүй хотын ухарч буцсан шийдвэрүүд иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг өнгөрсөн амралтын өдрүүдэд автобусны буудлуудаар төөрч будилсан олны төрх хэлээд өгнө.
Энэ бүх гэнэтийн өөрчлөлт, асуудал, бухимдлууд эргээд л хотын стандарттай уялдаж байна.
#Эхний жишээ: Нийтийн тээврийн шинэчлэгдсэн маршрутын зураг
Энэ зургийг өнгөрсөн баасан гарагт 64-р дэлгүүрийн автобусны буудлаас дарсан юм. Уран зургийн галерейд урлагийн бүтээлийг сонирхон ширтэхээс илүү хичээл зүтгэл гаргаад ч тусыг эс олов.
Угтаа автобус, метро, галт тэрэг гээд ямар ч төрлийн нийтийн тээврийн чиглэлийг хүнд ойлгомжтой дүрслэх “signage system” гэж ойлголт бий.
Автобусны чиглэлүүдээ өөр өнгөөр ялгах, маршрутыг зурган хэлбэрээр үзүүлэх, таних тэмдгээр ялгах гээд хүнд аль болох ойлгомжтой байхаар дүрсэлдэг дизайны ойлголт юм.
Түүнээс биш бүх буудлаа нэг хавтгай дөрвөлжин дээр багтаах гэж зүтгээд, нүд эрээлжилсэн урт текст тавьдаггүй байх нь.
#Жишээ 2: Иргэдээсээ санал авалгүй автобусыг богино эргэлттэй болгов
Улаанбаатар хотод өдөртөө 680 мянга гаруй хүн нийтийн тээврээр зорчдог гэх статистик бий. Тэгвэл нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулна гэдэг нийслэлийн оршин суугчдын тал гаруй хувийн эрх ашгийн хөндсөн асуудал болж таарна. Энэ олон хүнд хамаатай шийдвэр гаргаж байж иргэдээсээ саналыг нь асуудаггүйг юу гэж ойлгох вэ?
“Шинэчилсэн маршрутын мэдээллийг сарын өмнөөс олон нийтэд мэдээлж эхэлсэн. Гэвч мэдээллийн хүртээмж муу байснаас үүдэн өнөөдрийн нөхцөл байдал бий боллоо” гэж Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээллээ. Алдаагаа хүлээн зөвшөөрч байна.
Зөвхөн нийтийн тээвэр гэлтгүй ямар ч асуудал дээр иргэдэд хотын удирдлагын гаргаж буй шийдвэртэй танилцах, түүнд дасан зохицох хугацаа өгөх хэрэгтэй. Үгүй бол Улаанбаатар хот үеийн үед хүндээ ээлгүй бодлого баталж, иргэд дээрээ “туршилт” хийдэг байдал үргэлжилсээр л байх болно.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.88.146] ・ 2024.01.23 Хариулах
Хотын даргын хараал хүрнэ гэж бх уу