УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өчигдөр Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Цэргийн төв эмнэлгийн ажилтай танилцаж үүрэг, чиглэл өглөө.

Үндэсний батлан хамгаалахын их сургуультай танилцах үеэрээ Батлан хамгаалахын сайд Н.Энхболд "2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу төрийн байгууллагын залгамж халааг үргэлжлүүлэн ажиллана. Шинээр байгуулагдсан Засгийн газрын гол баримтлах зарчим бол "Шударга, ёс зүйтэйгээр төрийн албан үүргээ гүйцэтгэх" гэдгийг онцоллоо.  Мөн тэрээр Үндэсний батлан хамгаалах сургуулийн хувьд сургалтын хөтөлбөр болоод ном товхимолд өөрчлөлт шинэчлэл хийх шаардлагатай байгааг дурдаад "Батлан хамгаалах салбарын боловсон хүчнийг бэлтгэдэг Зэвсэгт хүчний уураг тархи болсон их сургуулийг сэтгэлгээний шинэ түвшинд дэмжин ажиллах"-аа илэрхийлэв.

Цэргийн төв эмнэлгийн алба хаагчидтай уулзах үеэрээ төр засгаас та бүхний ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн учир сахилга хариуцлага өндөр, иргэдийн зүгээс ямар нэг гомдол чиргэдэл гаргахгүй үүргээ сайн биелүүлэх ёстой гэдгийг онцолсон юм. Мөн сэтгэлгээний өөрчлөлт болон шинэчлэл хийхгүйгээр цэрэг армиа орчин үеийн болгоно гэсэн ойлголт байж таарахгүй. Саяхан олон жил яригдсан Батлан хамгаалахын багц хуулиа батлуулж чадсан бол одоо Дайчилгааны тухай хууль , Орон нутгийн хамгаалалтын тухай хууль гарна. Мөн 2001 оноос мөрдөгдөж байгаа Монголын цэргийн номлол шинэчлэгдэхээр яригдаж байна. Өнгөрсөн 16 жилд цэргийн шинжлэх ухаан, дайны арга барил, хүмүүсийн мэргэжлийн түвшин, мэдлэг боловсролд маш их өөрчлөлт орсон. Батлан хамгаалахын багц хууль нь дайчилгаа, орон нутгийн хамгаалалт, зэвсэгт хүчний гурвалсан суурин дээр өөрийгөө хамгаалах хүчнээ бэхжүүлэхээр тусгагдсан. Тиймээс өнөөдрийн энэ нөхцөл байдал, эрх зүйн орчиндоо зохицон өөр болох ёстой. Үүнийг шинэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд бүрэн өөрчилж гүйцэхгүй гэхэд суурийг тавьсан байх ёстой гэлээ.