Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн нэг лабораторт нийт 44 хүний шинжилгээг хийлээ. Үүнд хамрагдсан Өмнөговь аймагт тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдол, тандалтын зорилгоор хийсэн 7 хүнээс коронавирус илрээгүй. Харин ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдын давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Коронавирус илэрсэн хүн нь тавдугаар сарын 03-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн. Тухай хүнээс өчигдөр тодорхой шинж тэмдгүүд илэрсэн. Толгой, хоолой өвдөх, хамар битүүрэх, нус гоожих, дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох шинжүүд илэрсэн нь лабораторын шинжилгээний хариутай нийцсэн. 

Улмаар Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 42 боллоо. Тэдгээрийн 13 нь эдгэрсэн, 29 нь эмчлүүлж байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдал хэвийн, тогтвортой байна. Уушгины хатгалгаатай хэдэн хүн бий. Халуунтай байсан зарим хүний халуун буурч, эмчилгээ үргэлжилж байна" хэмээлээ.