Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "ХӨСҮТ-ийн хоёр болон Дархан-Уул аймгийн лабораторт өчигдөр нийт 209 хүний шинжилгээг хийлээ. Үүнд багтсан энэ сарын 24-нд Дорноговь аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлоос коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор Налайх, Баянгол дүүрэг, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс 9 сорьцод, Алтанбулаг боомтоор орж ирсэн 32 хүнд шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 хүн, ажиглах байранд буй 137 буюу нийт 167 хүн давтан шинжилгээ хийхэд 166-аас нь коронавирус илрээгүй. Нэг хүнд гурав дахь давтан шинжилгээнд нь коронавирус илэрлээ. Тухайн хүн нь Москвад сурж байгаад Москва- Улаан-Үдэ -Алтанбулаг боомтоор орж ирсэн оюутан. Улмаар эрсдэлтэй гэж тооцоолж ХӨСҮТ-д тусгаарласан 30 оюутны 21-ээс нь коронавирус илэрлээ.

Өчигдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс ажиглалтын байр руу шилжсэн. Монгол Улсад коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 38 боллоо.  Тэднээс 9 нь эдгэрсэн, 29 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна" хэмээлээ.