Хэрэв Их Британийн парламентын дэмжлэгийг авах гэрээг Европын Холбоотой /ЕХ/ байгуулж чадахгүй бол “Brexit”-ийн хугацааг хойшлуулахыг шаардана гэж эрх баригч Консерватив намаас парламентад сонгогдсон 100 гишүүн Тереза Мэйд анхааруулжээ. Энэ тухай “The Daily Telegraph” сонинд пүрэв гарагт мэдээлсэн байна.

Дээр дурдсан гишүүд “Brexit Delivery Group” /“Brexit-ийг хэрэгжүүлэх бүлэг”/-т нэгджээ. Тус бүлгийг ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарахыг дэмжигчид болон эсэргүүцэгчид байгуулсан бөгөөд тэд Брюсселиэс будлиантай, замбараагүй “салахыг” хүсэхгүй байгаа аж. Бүлгийн удирдагчаар парламентын гишүүн Саймон Харт, Эндрю Перси нарыг сонгожээ.

Гэрээ байгуулахгүйгээр ЕХ-ноос гарах тохиолдолд “Brexit”-ийг хойшлуулах саналыг Их Британийн Засгийн газрын 25 гишүүн дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлсэн гэж Их Британийн өөр нэг сонин болох “The Guardian” пүрэв гарагийн орой мэдээлсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS