Саруулын Ариунжаргал
06 сарын 21, 2019
ЛОНДОН. /BBC/. Их Британийн Ерөнхий сайд хийгээд эрх баригч Консерватив намын даргын албан тушаалын төлөө өрсөлдөх сүүлийн хоёр нэр дэвшигчийн нэр тодорчээ.
Парламент дахь Консерватив намын гишүүдийн дунд явуулсан сүүлийн санал хураалтын үеэр Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон 160 хүний санал авсан бол түүний араас Гадаад хэргийн сайд Жереми Хант жагсжээ. Түүнд 77 гишүүн саналаа өгсөн байна.
Тереза Мейн халааг хэн авахыг одоо Консерватив намын 160 мянга орчим гишүүн шийдэх бөгөөд санал хураалтын дүнг долдугаар сарын сүүлээр танилцуулах юм.
Өмнөх санал хураалтын дүнгүүдээс харахад Б.Жонсон Ерөнхий сайдын албан тушаалын сүүлийн өрсөлдөөнд тунан үлдэх магадлал маш өндөр байсан бол Ж.Хант, Байгаль орчны сайд Майкл Гоув нарын саналын тоо тун ойролцоо байсаар иржээ.
Б.Жонсон, Ж.Хант нар ирэх долдугаар сарын 9-нд “ITV” сувгийн мэтгэлцээнд оролцоно. Өмнөх мэтгэлцээнүүдийг “Channel 4”, “BBC” суваг тус тус зохион байгуулсан билээ.
Ж.Хант 2010-2012 онд Олимпын наадмыг зохион байгуулах асуудал эрхэлсэн сайд, 2012-2018 онд Эрүүл мэндийн сайд, 2018 оноос хойш Гадаад хэргийн сайдын албан тушаалыг тус тус хашжээ. Б.Жонсоны хувьд Лондон хотын даргын албыг 2008-2016 онд, Гадаадын хэргийн сайдын албыг 2016-2018 онд хашиж байжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.