ЛОНДОН. /BBC/. Их Британийн эрх баригч Консерватив намын дарга Тереза Мэй албан тушаалаасаа баасан гарагт албан ёсоор огцорно. Гэсэн хэдий ч түүний халааг авах хүнийг сонгох хүртэл тэрбээр Ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэнэ.

Их Британийн Ерөнхий сайд огцрох талаараа хоёр долоо хоногийн өмнө мэдэгдсэн юм. Их Британи Европын Холбооноос өнгөрсөн гуравдугаар сарын 29-ны өдөр гарах байсан хэдий ч Т.Мэйн гэрээг парламентын гишүүд батлаагүйтэй холбоотойгоор уг хугацааг дөрөвдүгээр сарын 12, сүүлд 10 дугаар сарын 31 хүртэл тус тус хойшлуулсан юм. Т.Мэй огцорч буйгаа мэдэгдэх үеэрээ хэлэхдээ, Европын Холбоотой хэлэлцсэн гэрээгээ парламентын гишүүдээр батлуулахын тулд өөрийн чадах бүх зүйлээ хийсэн гэжээ. 


Т.Мэйн халааг авахаар Консерватив намын 11 гишүүн өрсөлдөж байна. Консерватив намын дарга хийгээд Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвших хүмүүсийн хүсэлтийг орон нутгийн цагаар ирэх даваа гарагийн 10:00-17:00 цаг хүртэл хүлээн авна. 

Парламентын гишүүдийн дунд зургадугаар сарын 13, 18, 19, 20-нд нууц санал хураалт явуулж, зургадугаар сарын 20-ны пүрэв гараг гэхэд хоёр нэр дэвшигч шигшигдэн үлдэнэ. Үүний дараа Консерватив намын гишүүдийн дунд санал хураалт явуулж, долдугаар сарын 22-нд эхлэх долоо хоногт Т.Мэйн халааг авах хүний нэр тодрох төлөвтэй байна. 

Тэрбээр огцрох мэдэгдлээ уншиж дуусах үедээ хоолой нь чичирч "Энэ албыг хаших нэр төрийн хэрэг байлаа. Би албан тушаалаасаа бууж байна. Би бол Английн хоёр дахь эмэгтэй Ерөнхий сайд, гэхдээ сүүлчийнх ч биш. Би элдвийн санаа бодолгүй ажлаа өглөө. Хайртай эх орныхоо төлөө зүтгэх боломжийг олгосонд хязгааргүй их баярлалаа" гэж хэлсэн юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг