Нэг танил минь хувь заяаны талаарх сургалтад суугаад сэтгэл ханамжгүй хоцорсон тухайгаа ярилаа. “Төсөөл дөө, би баахан мөнгө төлчихөөд эцэст нь юу сонссон гээч. Ердөө миний хүчтэй тал бол дүн шинжилгээ хийх, мэдээлэл цуглуулах гэж тэд хэлсэн. Миний бодлоор энэ бол зүгээр л дээрэм” гэж тэр хэлэв.

Түүний сонсохыг хүсч байсан зүйл бол хувь заяа нь хаана юу хийхийг маш тодорхой хэлж өгнө гэж найдсан байв. Хүн хаа нэгэн газар өөрийн хувь заяаг хайж, хийх ёстой зүйлээ тодорхойлно гэдэг зүгээр л нэг үлгэр юм. Маш олон ийм үлгэр бий.

 

Төөрөгдөл №1: “Зарим хүмүүс авьяастай, харин би авьяасгүй”

Хүмүүсийн гаргадаг нийтлэг нэг алдаа бий. Тэд амжилт гаргахад ямар нэгэн онцгой авьяас хэрэгтэй гэж боддог. Би үүнийг үгүйсгэхгүй. Мэдээж зарим ажил мэргэжилд хэрэгтэй. Гэхдээ тэр хүчин зүйлс нь зөвхөн эхлэх үед л 5-хан хувийн дэмжлэг үзүүлдэг. Харин бусад нь зөвхөн хэр хөдөлмөрлөхөөс шалтгаална.

Би олон хүнтэй ажиллаж, тэдний хувийн намтар түүхийг судлаж үзээд нэг л зүйлийг сайн ойлгосон. Хэн ч суутан болж төрдөггүй. Жишээ нь, А.С.Пушкин. Тэр багаасаа бичиж эхэлсэн. Бичсэн шүлгүүд нь жирийн л нэг усан шүлгүүд. Тэр үед хэн нэгэн түүнийг “Оросын уран зохиолын суут хүн” гэж таниагүй нь лавтай. Харин ч түүнд: “Саня, чи юу бичээд байгаа юм бэ, ширүүхэн дайраач” гэж хэлж байсан биз.

Суу билэгт Пикассо ч гэсэн багаасаа зурж эхэлсэн. Гэхдээ түүний эхэн үеийн зургууд мөн л сайн чанарын дуураймал байсан.

Тэднийг таних онцгой дүр төрх нь сүүлд л гарч ирсэн юм. Иймээс та авьяастай байх шаардлагатай гэдгийг март. Хөдөлмөр, шаргуу зан л илүү үр дүнд хүргэнэ.

 

Төөрөгдөл  №2: “Би зөвхөн нэг зүйлийг л сонгох ёстой”

Энэ номондоо би хувь хүний хөгжлийн дасгалжуулагч “Мөрөөдөхөд гэмгүй” номын зохиолч Барбара Шерийг дурьдахгүй байхын аргагүй. Учир нь Барбара бол гайхамшигтай эмэгтэй. Энэ номонд миний түүнтэй хийсэн ярилцлага хүртэл багтсан.

Барбара 1994 онд хүмүүсийг “Сканер” ба “Шумбагч” гэж хоёр төрөлд хувааж болох талаар анх бичсэн юм. “Шумбагч” гэдэг нь зөвхөн нэг зүйлийг сонгон авч түүнийгээ гүн гүнзгий судалдаг хүмүүс юм. Харин “Сканер” гэдэг нь маш олон зүйлийг сонирхдог хүмүүс. Тэд бизнес, хөгжим сонирхоно, үүнтэй зэрэгцээд маркетинг, Гаудигийн архитектур, газар дундын тэнгисийн хоолны жор гэх мэт маш олон зүйл тэдэнд сонирхолтой санагддаг. Сканер хүмүүс бүх зүйлийг туршиж үзэхийг хүсдэг. Харин эргэн тойрон түүнд нэг л зүйлийг сонго гэж байнга хэлдэг.

Дэлхийн хамгийн алдартай сканер хүмүүс бол Бенжамин Франклин, Леонардо Да Винчи, Михаил Ломоносов, Альберт Эйнштейн, Аристотель, Гёте. Тэд бүгд амжилтанд хүрсэн. Тэдний хэн нь ч зөвхөн нэг салбарыг сонгохыг хүсээгүй байгаа биз.

Жишээ нь, Эйнштейн шинжлэх ухаан сонирхохоос гадна хөгжимд шимтэн дурлагч гэгддэг. Тэр хийлийг зургаан настайгаасаа эхлэн тоглосон. Харьцангуйн онолын нээлтээ хийсний дараа ч хийлээ барин олон нийтийн газарт тоглодог байсан гэдэг. Алдартай зохиолч Даниел Гранин ч мөн адил түүнд юу илүү их таалагдаж байгааг ойлгохыг хүсч байв. Тэр 30 жилийн дараа л сонголтоо хийсэн.

 

Төөрөгдөл №3: “Хувь заяа бол маш ойлгомжтой, тодорхой зүйл”

Зарим хүмүүс хувь заяаг ямар нэгэн тодорхой, зурагдсан зүйл гэж боддог. Жишээ нь зурах, дуулах, программ бичих, оёх, хоол хийх гэх мэт. Үүнийг тэд мэдэрч “тэмтрэх” боломжтой зүйл мэт боддог.

Тэгвэл үгээр тайлбарлахын аргагүй зүйл рүү тэмүүлж байгаа хүмүүсийг яах вэ? Энэ бол сэтгэл зүйчид, зохиолчид, хувь хүний амжилтын дасгалжуулагч нар, илтгэгчид юм.

Жишээ нь, би өөрийгөө хэн бэ гэдгийг олох гэж маш олон жилийг зарцуулсан. Ямар нэгэн биет зүйлийг мэргэшсэн байх ёстой гэж бодож байсан. “Энэ байшинг харж байна уу? үүнийг би зурсан шүү дээ! Эсвэл “Энэ талхны газрыг харж байна уу, би үүнийг нээсэн” гэж хэлэх ёстой гэж бодож байлаа.

Гэхдээ нэг л зүйл миний сонирхлыг татаж байсан юм. Тэр нь амьдралыг, хүмүүсийг судлах билээ. Амьдралыг ойлгохын тулд би хүмүүстэй уулзаж, тэднийг мэдэрч, дүн шинжилгээ хийж, тэдний түүхээр амьдарч, намтрыг нь цуглуулж, хамт инээж уйлахыг хүсч байлаа.

Надад компьютер эсвэл амьтдын ДНХ судлах хүсэл төрдөггүй. Даашинз хэрхэн оёх, тавилга хэрхэн угсрах, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа гэх мэт зүйлийг ойлгохыг ч хүсдэггүй.

Миний сонирхол бол зөвхөн хүмүүс болон амьдрал. Хэрэв би өөр зүйл судлаж эхэллээ ч хэдхэн сарын дотор сонирхол буурчихдаг юм.

Өөрийн биш амьдралаар амьдрахыг хичээдэг маш олон хүнийг би мэднэ. Нэгэн бүсгүй над руу ингэж бичсэн юм. “Би 32 настай гэхдээ өдийг хүртэл юу хийхээ мэдэхгүй байна. Би хоёр жил үл хөдлөх хөрөнгө борлуулсан, гурван жил би цэцгийн компани ажиллуулсан, дараа нь хоёр жил сайт ажиллуулсан харин одоо би сайн үйлсийн сан нээсэн. Ингээд ч хийх зүйлээ олохгүй байна”.

... Харин нэг жилийн дараа тэр “зорилгод хүргэгч” буюу хүмүүсийг зорилгодоо хүрэхэд нь алхам алхмаар тусалдаг зөвлөх багш болсон юм. Одоогийн байдлаар түүний тусламжтайгаар 100 гаруй хүн бодит үр дүнд хүрсэн.

Энэ түүх юуг өгүүлнэ вэ. Үгээр илэрхийлэхэд хэцүү олон хүсэл бидэнд байдаг. Магадгүй нэг хүн бусдыг чиглүүлэх авьяастай, эсвэл асуудлын голыг харж амьдралд чухал зүйлийг тодорхойлоход тусалдаг байж болно.

Миний хамгийн хүчтэй давуу тал бөгөөд сэтгэл зүрхнээсээ хийхийг хүсч буй зүйл бол бусдад урам зориг өгөх. Гэхдээ арван жилд эсвэл их сургуульд бидэнд бусдад урам зориг өгөгч болох боломжтой гэдгийг тайлбарлаж байсан гэж үү. Мэдээж үгүй. Ийм л учраас бид өөрсдийн биш амьдралаар амьдрахыг оролддог. Жишээ нь, би бусдад урам зориг өгөх ажлыг сэтгүүл зүйн салбараар дамжуулж өгч чадна гэж бодсон учраас сэтгүүлчээр сурахаар шийдсэн.

Дахин нэг жишээ хүргэе. Жим Коллинз “Сайнаас агуу зүйл рүү” бестселлер номын зохиолч. Тэр яагаад зарим компани агуу том болж, зарим нь алга болдог талаар даацтай судалгаа хийсэн байдаг. Тэрээр удаан хугацааны турш өөрийгөө олох оролдлого хийж байсан нэгэн. Өдрийн тэмдэглэл хүртэл хөтөлж, ямар нэгэн зүйл хийсний дараа авч буй мэдрэмжээ тайлбарлан бичиж байжээ. Үр дүнд нь мэдлэгт дүн шинжилгээ хийх, мэдлэгийг дамжуулах нь түүний сонирхол гэдгийг ухаарсан. 


Төөрөгдөл №4: “Авьяас хүний бага насанд илэрдэг”

Хувь заяаг тодорхойлсон олон номонд: “Та 5-10 хүртэлх насандаа юунд дуртай байснаа сана, тэгэж байж та амжилтанд хүргэх оновчтой түлхүүрийг олно.” гэж дурьджээ.

Магадгүй бага насанд зарим шинж тэмдэг илэрч болох л юм. Гэхдээ ихэнхдээ л ойлгомжгүй байдаг шүү дээ. Жишээ нь, яаж тавхан настай хүүхдэд ямар нэгэн юманд дүн шинжилгээ хийх, программ бичих авьяасыг олж харна гэж. Иймээс бага насанд авьяас чадварыг хайх явдалд хэт анхаарах хэрэггүй. Эс бөгөөс дарамтанд орно.

 

Төөрөлдөл №5: “Хувь заяа болон таны дуртай зүйл хоёр үргэлж холбоотой”

Гайхалтай амжилтын зураглал бол маш хялбар. Танд таалагддаг зүйл байдаг бол  түүнийгээ хийж эхэл. Тэгсэн цагт амжилтууд гарч ирнэ, өөрийн үнэлэмж нэмэгдэж, сэдэл бий болно. Та ажлаа үргэлжлүүлэн хий, ингэсэн цагт амжилт тань дээр ирнэ. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хувь заяа гэж байхгүй. Таалагдаж байгаа зүйлээ сонгоод л түүнийгээ хий. Энэ бол гайхалтай зураглал. Гэхдээ амьдралд өөрөөр ч байж болно.

Миний нэг танил багадаа маш бүрэг хүүхэд байсан юм. Ээрч ярьдаг, маш ичимхий зантай, өөрийгөө царай муутай гэж боддог учраас түүний цээжинд шаналал хуримтлагдсаар явжээ. Эцэст нь түүнийг сэдэлжүүлсэн гол зүйл нь уур бухимдал болж тэрээр илтгэх урлагийн сургалтанд сууж эхэлсэн юм.

Тэнд тэр өөртөө илүү итгэлтэй болж эхэлсэн. Харин одоо тэр Оросын илтгэх урлагийн хамгийн сайн сургуулийн захирлаар ажиллаж байна. Үүнээс гадна хүмүүс түүнийг маш царайлаг, бусдыг татах чадвартай гэж хардаг болсон.


“Ертөнцөд гомдсон гомдол өөрийгөө хурцлах сэдэл болсон тухай” цувралын өөр нэг түүх хүргэе.

Би бодибилдингийн аваргуудыг бэлддэг дасгалжуулагчийг таньдаг юм. Түүний бэлтгэсэн тамирчид улсын хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцож, дэлхийн тавцанд улсаа төлөөлдөг. Тэр дараах зүйлийг ярьсан юм.

·      Хэн хамгийн шилдэг үр дүн гаргадаг гээч. Дотроо хамгийн их гомдол тээсэн хүн хамгийн шилдэг үр дүн гаргадаг юм. Тээсэн гомдол нь хамгийн том сэдэлжүүлэгч болдог.

·      Юугаар өөрийгөө сэдэлжүүлж байгаа нь хамаагүй. Уур уцаар уу, салсан найз бүсгүй/залуудаа эсвэл эцэг эхдээ ямар нэгэн зүйлийг нотлох гэсэн эрмэлзэл үү тэр нь хамаагүй. Хамгийн гол нь чиний хүсч буй үр дүн чухал юм. Иймээс зүгээр л урагшил, давш.



Лариса Парфентьева "Амьдралаа өөрчлөх 100 арга" номоос...