Өрх бүрийн нэг хүнээс PCR-ын шинжилгээ авч буй ажлын явц болон хүнсний салбарын нөхцөл байдлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө.

Тэрээр "Олон нийтийн дундаас эхний 109 мянга орчим өрхөөс шинжилгээ авахад 11 хүнээс халдвар илэрлээ. Үүний 6 хүн нь эхний гурван өдөрт илэрч гэр бүлийн ойрын хавьтал бүхий 5 хүнээс мөн илэрсэн.

Төрийн 808 байгууллагын 62 мянга 646 иргэнээс шинжилгээ авахад бүгд сөрөг буюу халдваргүй гарсан. Ингээд тооцвол 411 мянган өрхөөс 171 мянган өрхөд шинжилгээ аваад байна. Үлдсэн 9 хоногт 240 мянган өрхөөс шинжилгээ авч дуусахаар төлөвлөсөн. 

2 дугаар сарын 16-наас эхлэн хүнсний бөөний төвүүд болон хүнсний үйлдвэрлэл, түгээлтийн салбар ажиллана. 

Учир нь хүнсний дэлгүүрүүд татан авалтаа хийж чадахгүй, гэртээ хөл хорионд байгаа таны хүнсний бүтээгдэхүүн хомстож эхэлж байгаа тул Засгийн газрын тогтоолд заасны дагуу Улаанбаатар хотын дарга захирамж гаргаж шат дараатай нээхээр болсон. Ингэхдээ энэ салбарт ажиллах хүмүүс PCR шинжилгээнд өнөөдөр хамрагдаж эхэлнэ. 

Дүүрэг бүрт байгаа шинжилгээний цэгүүд таны гэрээс хол бол хүнсний салбарт ажилладаг гэдэг ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ үзүүлээд хувийн унаагаар шинжилгээний цэгт очиж өгч болно.

Иргэн та гэрээс хол хүнсний бөөний төвүүдэд очиж үйлчлүүлэхгүй. Таны гэрийн ойролцоо байгаа дэлгүүрүүд л хүнсний бөөний төвүүдээс татан авалтаа хийнэ. Таны гэрийн ойролцоо хүнсний бөөний төв байгаа тохиолдолд халдвар хамгааллын дэглэмээ бариад үйлчлүүлж болно. Учир нь хөл хорио 2 дугаар сарын 23-ний 06:00 цаг хүртэл үргэлжилнэ" хэмээлээ.


Үлдсэн 9 хоногт шинжилгээ авах хуваарь /дүүргээр/


Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх хуваарь