Захиргааны хэргийн шүүхээс Хөдөлмөрийн үндэсний намыг нийслэлийн сонгуульд оролцохоор бүртгэх боломжгүй гэж үзэн бүртгэхээс татгалзсан шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлжээ.

Уг шийдвэрийг эсэргүүцэж, Хөдөлмөрийн үндэсний намын удирдлага, гишүүд өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж байна.

Энэ үеэр тус намын дарга Б.Найдалаа "Хөдөлмөрийн үндэсний намыг нийслэлийн сонгуульд оруулахгүй байх талаар улс төрийн зохион байгуулалттай, мөнгө санхүүжилттэй ажиллагаа явагдаж байна. Өчигдөр шуурхай журмаар, улс төрийн зорилгоор шүүхийн захирамж гаргаж, манай намыг сонгуульд оролцох эрхийг түдгэлзүүлсэн байна. 

Хөдөлмөрийн үндэсний нам сонгуульд оролцохтой холбоотой бүх бичиг баримтыг хуулийн дагуу маш нямбай бүрдүүлсэн. Үүнд ямар ч асуудал байхгүй. Мөн намд дотоод хагарал, маргаан байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энэ асуудал нийт монголчууд таны сонгох, сонгогдох эрх, эрх чөлөө, шударга ёс, бизнесийн орчин зэрэгтэй холбоотой. Иймд иргэд та бүхнийг талбай дээр гарч ирж, бидэнтэй нэгдэхийг урьж байна" хэмээлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Монгол Улсын Үндсэн хуульд иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр зөвхөн нэг захиалгын шүүх, шүүгчийн шийдвэрээр Монгол Улсынн иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зүгээр л уландаа гишгэчихдэг үе ирсэн байна. Энэ бол хэсэг нам, бүлэг, залуус сонгуульд орох, орохгүй асуудал биш болж, Монголд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, бизнес хийх эрх чөлөөг сонгосон зам цааш явах эсэхийг шийдэх эрмэгт ирлээ.

Хөдөлмөрийн үндэсний намыг сонгуульд оруулахгүй байгаа нь сонголтгүй сонгуулийг иргэдэд тулгах үйл ажиллагаа гэж бид харж байна. Ардчилсан нам биднийг өөрсөдтэй нь нийлэх байдлаар хандсан. Түүнийг бид маш эвтэйхнээр "Энэ бол тохиролцоо биш. Хэн нэгнийг ялахын тулд хүчээр бид хамтарч болохгүй. Харин үнэт зүйл зарчимдаа суурилаад явах ёстой" гэсэн хариулт өгсөн.

Харамсалтай нь өнөөдөр нөгөө нөхөд маань яаж ийж байгаад хүчээр засгаа авна гэсэн байдлаар улайрч, шүүхийг ашиглаж байна гэж бид харж байна.

Хэн нэгэн даргыг сэнтийд нь удаан байлгадаг эд эс нь Хөдөлмөрийн үндэсний нам биш. Тиймээс уг асуудлыг 24 цагийн дотор шийдвэрлэхийг шаардаж байна. Шийдэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгийг албан ёсоор мэдэгдье" хэмээлээ.

Мөн тэрээр "Хөдөлмөрийн үндэсний намынхан хэн нэгэнд худалдагдахгүй. Шинэ залуучууд улс орноо өөрчилье, шинэ салхи оруулъя. Үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө эвлэлдэн нэгдсэн. Түүнээс биш хэн нэгэнтэй улс төрийн наймаа хийж, ашиг хонжоо олно гэж улс төрд ороогүй. Цаашид ч орохгүй. Нэр төр, эр зоригтойгоор ардчиллыг хамгаалах болно" гэдгийг онцлов.

Тэд "Ардчилсан намаас ардчиллаа аваръя", "Женко шүүхээс савраа тат" гэсэн үг бүхий лоозонгууд барьжээ.


Жагсаалаас гэрэл зургаар хүргэж байна.