Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж, улс төрд өрнөх үйл явдлууд ундарч байна. Өмнөх Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхтэй, эрхгүй, хоёр нам нийллээ, нэг нам хоёр хуваагдлаа, нэг гишүүн намаасаа гарлаа, өөр намд орлоо, зарим нь өмнө нь үүссэн асуудлуудаа цэгцэлж, учраа оллоо гэх мэт.

Тэдгээрээс онцлоход, ХҮН-ын гишүүн байсан ч УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшсэн Т.Ганболд ХҮН-ын тамга тэмдэгтэй холбоотой маргаан бүрэн шийдэгдсэн хэмээн мэдээллээ.

"Алтан Дорнод Монгол" ХХК-ийн ТУЗ-ын дарга тэрээр "Нэгнээ эрх мэдэлтнүүдийн далд найруулгаар үл ойлгож гомдоож байжээ. Та нартаа амжилт хүсье" хэмээн ХҮН-ынханд хандан бичжээ.

Тодруулбал Т.Ганболд "Нэгэн цагт хувь заяаны тохиолоор шударга нийгэм, сайн сайхны төлөө нэгэн намын туган доор нэгдэж явсан нь үнэн. Хүсэл, зорилго нэг байсан ч хүрэх арга барил өөр байсан. 

Нэгнээ танихгүй, улс төрийн туршлага багатай, гэнэн, хуурамч мэдээлэл, хатгаас, хутгууранд автамтгай байж, ижил эрх мэдэлгүйчүүд мөртлөө нэгнээ эрх мэдэлтнүүдийн далд найруулгаар үл ойлгож, гомдоож байжээ. Төсвийн эрх мэдлээр нийтийн хөгжил, боломжийг үгүй хийсэн түүх хэнд нь ч байгаагүй нь бас үнэн.

ХҮНамын албан ёсны тамга, гэрчилгээг ч өнөөгийн удирдлагуудад нь анхны дарга нь гэх хүнээр өгүүлж маргаанд цэг тавьсан түүхтэй.

Илүү олон жилийн туршлагатай АН маань өнөөдөр яг л энэ түүхийг давтаж бгаа харагдах юм! Ямартай ч сар гаруйхны дараа болох маш том хариуцлагтай сонгуульд тунаж үлдэж бгаа ХҮНам нь МАН, АН-ын хүслээр биш, харин жинхэнэ олны дэмжлэг авах нам үл хамаарсан хүнийг дэвшүүлж ялах тулааны өмнө ирлээ. 

Та нар ардчиллыг хамгаалж, бэхжүүлж, зөв гольдролд нь оруулах, эрх тэгш боломжийг эхлүүлэх тэнцвэргүй тулаанд орно. Оюун ухаант ХҮН - зоригт шонхрууд гэдгээ харуулах том боломж, хувь заяа оногдлоо. Амжилт!!" гэжээ.

2020 оны орон нутгийн сонгуульд ХҮН-ын өмнөх удирдлагууд дахин тамга тэмдэг бүрдүүлэн Сонгуулийн хороонд мэдүүлсэн нь нэлээд асуудал үүсгэсэн. Тэгвэл тэд үүндээ залруулга хийж, ХҮН-ын албан ёсны тамга, гэрчилгээг одоогийн удирлагуудад нь өгчээ.