Монголын тэргүүн баячуудын нэг, “МАК”-ын Б.Нямтайшир Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-д элсэхээр болжээ гэж учир мэдэх хүмүүс ярьж явна. Хоёр том намыг ээлжлэн санхүүжүүлж ирсэн гэгддэг энэ эрхэм юуны учир тус намд элсэх болов гэсэн асуулт хөвөрч байна. 

Тэрээр саяхан буюу 4 дүгээр сарын 01-нд хүү Н.Номтойбаярыгаа хорихоос суллагдахад нь тосч авсан. Хүү нь Бурхан Халдунд бяр амтагдсан техникүүд хөлөглөн зорчиж, олны хэл амд өртөөд амжсан. Харин эцэг юу бодож улстөрийн нүүдэл хийхээр шийдэв ээ?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ид мандаж, хүч баяр нь жагсаж, хүзүүтэй болгоныг сөхрүүлж явах үед Н.Номтойбаяр л ганцаараа түүнтэй ач тач үзэлцдэг байсан. УИХ-ын чуулганы индрээс хэд хэд хүчтэй үгээр “дэлсэж”, У.Хүрэлсүхийг эвгүй байдалд оруулангаа өөртөө улстөрийн оноо нэмсэн билээ. 

Ер нь элдэв хэл аманд орох тусам Н.Номтойбаярын рейтинг нийгэмд эрс өсөж буй. 

Чуулганы танхим дахь Ерөнхий сайдын суудлаас хорсолтойгоор ширтэн суусан У.Хүрэлсүхийн царай одоо ч хүн бүрийн нүдэнд тод харагдаж буй биз. Энэхүү хэрүүл тэмцлийн дараахан хуулийн байгууллагууд Н.Номтойбаярыг ухаж төнхсөөр байгаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа “албан тушаал урвуулан бусдад боломж олгосон” гэх хилс хэрэгт оруулж, удтал “мөрдөн шалгасаар” ял өгч салсан билээ. Харин У.Хүрэлсүх өдгөө Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр бэлдэж байна. 

ХҮН-аас “Ерөнхийлөгчөө Захиалая” аяныг зарлаж, иргэдээс санал асуулга цуглуулсан. Иргэд нийт 140  орчим хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр санал болгосны эхний гурав дотор Б.Нямтайширийн нэр бий гэлцэж буй. Угаасаа 50 нас хүрсэн хүнгүй ХҮН гаднаас л хүн авчирч нэр дэвшүүлэхээс өөр аргагүй. 

Мөн өнгөрсөн 3 дугаар сард тус намын тэргүүлэгчид Дорноговь аймаг дахь МАК-ын үйлдвэрт нууцхан зочилж, эрхэм Б.Нямтайширтай хатуу шарз хүртэн, хонон өнжин хууч хөөрсөн сурагтай. Эндээс МАК-ын эзэн ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших, хариуд нь намыг санхүүжүүлүүлэх буюу квот худалдан авах тохироо хийгдчихсэн гэж харагдахаар байна. 

Эцэг хүү хоёр үнэндээ Ерөнхийлөгч болохыг хүссэндээ бус, У.Хүрэлсүхийн саналыг л хуваан дэгээдэх зорилго өвөрлөсөн нь энэ болов уу даа.