УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Монголын үндэсний морин спорт, уяачдын холбоо /МҮМСУХ/ тус хуулийн төслийг эсэргүүцэж буйгаа мэдэгдэж, өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр тус холбооныхон "Үндэсний морин уралдаан нь спорт уу, өв соёл уу гэдгийг ялгах ёстой. Үндэсний их баяр наадмын тухай хууль бол баяр наадмыг зохион явуулах харилцааны тухай хууль. Үүний язгуур угсаа нь өв соёлоо хамгаалах, үндэсний уламжлалыг сэргээх юм. 

Зургаан насны морь уралддагийг соёл гэж үзэж, Үндэсний морин уралдааныг 2010 онд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэсэн. УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачилсан "Сэрвээний" гэж нэрлэж буй энэ хууль батлагдсанаар монгол морь төрийн наадамд уралдахгүй болно. Наадамд монгол морь уралдахгүй болсноор Монгол өв соёл устана гэсэн үг.

Цаашлаад нүүдэлчин ахуй, адуутай холбоотой маш том түүхэн соёл үгүй болно. Үндэстний дархлаа нь өв соёл, үндэстнийг усгая гэвэл өв соёлыг устга гэж мэргэд хэлдэг. Өөрөөл хэлбэл, энэ хууль батлагдсанаар үндэсний өв соёл устах том гай, гарз ирнэ. Тиймээс бид эсэргүүцэж байна.

Дэлхийн морины уралдаан казиногийн хуулиар явагддаг мөрийтэй тоглоом. Харин Монголын морин уралдаан бол ардын наадам, ёс жудаг, уламжлал зан заншил" гэдгийг онцлон хэллээ.

Сануулахад, УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Улмаар гишүүдийн олонх нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун тус хуулийн төслийг танилцуулахдаа:

"Үндэсний их баяр наадам нь Монгол Упсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл төдийгүй уламжлалт зан заншил, соёл, урлаг, спорт, үндэсний үзэл санааг түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой тэмдэглэлт баяр юм. Гэтэл хурдан морины уралдаан нь хамгийн их гомдол, маргаан дагуулдаг, эрх зүйн үр дагавар бүхий актууд нь ойр ойрхон өөрчлөгдөж буйн улмаас уяачдад тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсээр байна.

Тиймээс монгол, эрлийз морьдыг сэрвээний өндрөөс гадна үүлдэрлэг байдал буюу гадаад шинжээр нь ялган тэмцээн уралдаанаас хасч, олон зуун уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж хохироох нь нэмэгдсээр байгаа тул баяр наадмаар монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах асуудлыг хуульд тодорхой тусгах нь зүйтэй.

Уяачдын амжилтыг үнэлэхдээ Үндэсний их баяр наадам, эсвэл Засгийн газрын шийдвэрээр хийж буй шигшмэл, бүсийн уралдааны амжилтыг харгалзан улсын цол олгохоор хуульчилсан. Хууль хэрэгжүүлэх явцад Үндэсний их баяр наадамдаа түрүүлж, айрагдаагүй уяачдад улсын цол хавтгайруулан олгох болсон нь улсын цолны үнэлэмжийг бууруулж байгаа тул улсын цолны шалгуур үзүүлэлтийг өндөрсгөх талаар хуулийн төсөлд тусгасан.

Ил ба далд хэлбэрээр явагддаг олон арван уралдаан, сунгааг нэг мөр цэгцлэх зорилгоор хаврын уралдааныг орон даяар нэг удаа зохион байгуулж, бусад цагт хуулиар хориглох, хаврын уралдаанд хурдан морь унах хүүхэд 12 ба түүнээс дээш настай байх нь зүйтэй гэж үзэж энэхүү хуулийн төслийг боловсрууллаа" хэмээсэн юм.