Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Шаардлага хүргүүллээ. Тус Шаардлагыг уншигч танаа толилуулъя.

ШААРДЛАГА

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР ТАНАА

Комисст хандаж Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Баясгалан нараас ирүүлсэн гомдолд “...Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд 13 дугаар тойрогт нэр дэвшигч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбатын халдашгүй байх эрхэд халдаж, түүнийг үндэслэлгүйгээр, хууль зөрчиж цагдан хорьсон” талаар дурджээ.

Гомдлыг судлахад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЗ/1248 дугаартай захирамжаар яллагдагч Ж.Эрдэнэбат нарыг шүүхэд шилжүүлж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дугаар зүйлд зааснаар 10 тэрбум төгрөгийн барьцааг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөрт багтааж төрийн сангийн дансанд байршуулахыг үүрэг болгосон байна.

Тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/1278 дугаартай захирамжаар шүүгдэгч Ж.Эрдэнэбатыг шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 1, 14.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор шийдвэрлэсний дагуу түүнийг 2020 оны 06 дугаар сарын 12-13-нд шилжих шөнийн 03 цагийн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хорьсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...", Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэнд тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, ...-ийг хориглоно.”, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно” гэж Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлыг тус тус баталгаажуулжээ.

Мөн Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Хүн бүр эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх эрхтэй. Хэнийг ч дур мэдэн баривчлах буюу цагдан хорьж болохгүй хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэний ч эрх чөлөөг хасч болохгүй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно.” гэж тус тус заасан байна.

Гэвч 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн 13 дугаар тойрогт нэр дэвшигч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбатын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоогүй байхад түүнийг цагдан хорьсон нь Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын гэрээ, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал, иргэний халдашгүй дархан байх, сонгох сонгогдох эрхийг ноцтой зөрчжээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Барьцааны хэмжээг яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан тогтооно” гэж заасан хэдий ч шүүгдэгч Ж.Эрдэнэбатад үүрэг болгосон барьцааны үнийн дүнг онц их хэмжээгээр тогтоож, бодит амьдралд нийцэхгүй шийдвэр гаргасан нь гагцхүү түүнийг цагдан хорих, үндэслэлгүйгээр эрх, эрх чөлөөг нь хязгаарлах зорилго агуулсан гэж харагдаж байна.

Түүнчлэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1.-т “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” нь Улсын Дээд шүүхийн бүрэн эрх байтал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/1278 дугаартай захирамжид Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийг “... нэр дэвшихээс өмнө Эрүүгийн хэрэг үүсгэх, түүнтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, шүүхэд нэгэнт ирсэн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа үргэлжилж байгаа тохиолдолд дээрх хуулийн зүйл, хэсэг хаалт болохгүй” гэж тайлбарласан нь дээрх хуулийг зөрчсөн үйлдэл юм.

Дээрхээс үзэхэд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Шүүх хүчин төгөлдөр болсон, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ.”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд захирагдана” гэж заасныг зөрчиж, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбатын халдашгүй байдалд илтэд хууль бусаар халдсан байна.

Иймд дээрх хууль бус үйлдлийг нэн даруй таслан зогсоож, иргэдийн сонгох, сонгогдох эрхээ баталгаатай эдлэх боломжоор хангах шаардлагатай байх тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу Шаардлага хүргүүлэв.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу 3 хоногийн дотор манайд хариу ирүүлнэ үү.

Хувийг гомдол гаргагчид.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮН П.ОЮУНЧИМЭГ