“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд үргэлжилж байна. 

Тус хуралд Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа “Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал” сэдвээр  илтгэл тавилаа.

Тэрээр илтгэлдээ:

"Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа бол бусад хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгааг тодорхой болгомоор байна. “Хянан шалгах түр хороо байгуулж болох тухай Үндсэн хуульд нэмж тусгах” гэсэн хэсэг байна. Үндсэн хуулиар бий болгосон түр хороо гэж байгаа. Дэд хороодоо нэр зааж байгуулдаг. УИХ байнгын хороодоо байгуулдаг бол УИХ-ын дарга Хянан шалгах түр хороог байгуулах юм байна. УИХ-ын дарга захирамж гаргадаг болохоос түр хороо байгуулдаг хүн биш. Үүнийг засмаар байна. 

Түүнчлэн “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх” гэсэн заалт байна. Үүнтэй холбогдуулаад бусад хуульд ямар өөрчлөлт оруулахыг хармаар байна. Өнөөдөр Монгол Улс Үндсэн хуулийн ба Үндсэн хуулийн бус хоёр яамтай болж байна. Үндсэн хуулийн 5 яам, Үндсэн хуулийн бус 7 яамтай болохоор байна гэсэн үг. Ийм байж таарахгүй. 1924 оны Үндсэн хуульд засгийн газрын гишүүн хэн байхыг заасан. 1940-1960 оны Үндсэн хуульд яамтай холбоотой асуудлаар 5 удаа нэмэлт, өөрчлөлт орж байсан. Нэгийг нэмдэг, нэгийг нь хасдаг байлаа. Гэхдээ бүгдийг нь жагсааж бичдэг байсан аж. Тийм учраас яам байгуулахын төлөө Үндсэн хуулиар оролдох хэрэггүй" гэдгийг онцоллоо.

Эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна.