Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит УИХ-ын шагналыг Академич, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаад гардууллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар тус шагнал гардуулаад баяр хүргэж хэлсэн үгэндээ, “УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс 2020 оны шагналыг академич, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаад олгох шийдвэр гаргасан. 

Тэрбээр 44 жил хууль зүйн сургалт, эрдэм шинжилгээ, хууль зүйн практикын ажил эрхэлж, олон тооны шилдэг бүтээл туурвисан. Үндсэн хуулийг боловсруулахад гар бие оролцож, Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байсан манай нэрт эрдэмтдийн нэг, төр нийгмийн зүтгэлтэн юм. Ж.Амарсанаагийн туурвисан “Ардчилсан эрх зүйт ёс”, “Монгол Улсын Үндсэн хуулийн товчоон”, “Үндсэн хуулийн эхийг баригч” бүтээлүүд Үндсэн хуульт ёсны үнэт зүйлийг бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн судлалыг хөгжүүлэх, парламентат ёс, үндэсний эрх зүйн тогтолцоог төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа учраас энэхүү нэр хүндтэй шагналаар шагнаж байна. Танд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, бүтээл туурвил, судалгааны ажилд өндөр амжилт хүсэн ерөөе” гэлээ. 

Дараа нь академич, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа “Нэр хүндтэй энэхүү шагналыг хүртээсэнд гүнээ талархаж байна. Юуны өмнө, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл, УИХ-ын дарга Г.Занданшатар танд талархаж буйгаа хэлье. Түүнчлэн энэ танхимд хүрэлцэн ирсэн Б.Чимид багшийн гэр бүл, шавь нар, хамтран зүтгэж байсан Та бүгдэд баярлалаа. 

Би 1971 онд МУИС-ийн оюутан болоод анхны хичээлээ Б.Чимид багшаар заалгаж байв. Дараа нь багшийнхаа удирдлага, зөвлөмжөөр олон жил сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хийж иржээ. Сургалт, эрдэм шинжилгээ, бүтээл туурвил бүрд багш мааь надад байнга зөвлөж, намайг чиглүүлж ирсэн. Мөн төрийн болон эрдэм шинжилгээ, сургалтын, олон нийтийн байгууллагад хамтран ажиллаж тэр хүний үр өгөөж, ивээл хайрыг хүртэж ирсэн. Өнөөдөр ч гэсэн бараг 50 дахь жилдээ Б.Чимид багшийнхаа ивээл, хайрыг хүртэж байгаадаа маш их баяртай байна” гээд Монголын ард түмэнд Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ. 

Тус шагналыг өмнө нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын гавьяат хуульч И.Дашням, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баярсайхан, академич Х.Нарангэрэл, профессор, хууль зүйн ухааны доктор Х.Сэлэнгэ нар тус тус хүртсэн юм.  Ж.Амарсанаа нь тус шагналыг хүртсэн зургаа дахь хүн боллоо.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс