Истанбулаас иргэдээ авчирч буй МИАТ компанийн тусгай үүргийн онгоц Сочи дээгүүр нисч байх үед онгоцонд жирэмсэн эх амаржиж, ихэр хүүхэд мэндэлжээ.  

Энэ талаар МХЕГ-аас "Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж буй нэг эх агаарын хөлөгт амаржиж, ихэр охин төрүүлсэн тухай мэдээлэл ирлээ. 

Нислэгт Буянт-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуй халдвар хамгааллын 2 улсын байцаагч(мэргэжлийн эмч), ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч хамт ниссэн бөгөөд эх хүүхдийг эсэн мэнд амаржуулан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. 

Тусгай үүргийн онгоц өнөө шөнө 01:13 цагт Улаанбаатарт газардана. Амаржсан эхийн ар гэрийнхэнтэй холбогдож энэхүү баярт мэдээг хүргэж байгаа аж" гэж цахим хуудсаараа мэдээллээ.