Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.21) хуралдаан 10 цаг 48 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар эхлээд Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь танилцуулав. 

  Ажлын хэсэг нэг удаа хуралдаж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр хуралдаан даргалагчаас өгсөн чиглэл буюу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн байна.  

    Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн Улсын Их Хурлын гишүүд үзсэн тул ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш 20 дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч эдгээр нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан бусад хуулийн шинэчлэлийг дагалдан хийгдсэн байдгийг илтгэлд дурдав. Гэр бүл цуцлалт сүүлийн таван жилд дунджаар 3.6 хувиар өссөн байгааг тоон мэдээллээс харж болох юм. Холбогдох судалгаанаас харахад монголын гэр бүлд нэн тэргүүнд ахуйн анхдагч хэрэгцээ хангах асуудлыг шийдвэрлээгүй байдаг байна. 3 гэрлэлт тутмын 1 нь санхүү, 5 гэр бүл тутмын 1 нь орон байрны асуудалтай байгаа талаар холбогдох судалгаанд дурдсан байгаа аж. Түүнчлэн судалгаанд хамрагдсан залуу гэр бүлийн 50.8 хувь нь ажлын байраар хангах дэмжлэг, 22.5 хувь нь орон сууц хүссэн бол 16.3 хувь нь орлого нэмэгдүүлэх боломж олгохыг хүсчээ. Судалгаанд оролцогчдын 55.3 хувь нь гэр бүлийн зөрчил маргааны шалтгаан санхүү, өр зээл гэсэн бол согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэй хэмээн 15.7 хувь нь, хүүхдийн асуудлаас үүдэлтэй хэмээн 15.3 нь хариулжээ.  Гэр бүл цуцлалтын мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд гэр бүр урт хугацааны турш хамт зүтгэсэн ч материаллаг хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа нь гэр бүлээ цуцлуулах шалтгаан болдог хэмээн дүгнэж болно хэмээн сайд танилцуулгадаа дурдсан. Өрхийн санхүүгийн хүртээмжгүй байдал, хосын тааламжгүй харилцаа, хүчирхийлэл, гэр бүл цуцлалтын үр дагавар хүүхдэд хүндээр тусч, эрх нь зөрчигддөг.