Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "7 дугаар сарын 23-нд нийт 709 хүний сорьцод шинжилгээ хийсэн. 708 хүнээс нь коронавирус илрээгүй. Нэг хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч бөгөөд Казакастаны иргэн 39 настай эрэгтэй. Түүнийг ХӨСҮТ-д авчран эмчлэх ажлыг эхлүүлсэн. 

Өчигдрийн шинжилгээнд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 455 хүний давтан шинжилгээ, Афганистанаас ирсэн 38 энхийг сахиулагчийн давтан шинжилгээ, тандалтаар санамсаргүйгээр сонгосон 12 хүний шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 12 хүний давтан шинжилгээ, Орхон аймагт тусгаарлагдсан 106 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 20 жолоочийн шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 65 хүний давтан шинжилгээг хамруулсан. Бүгд сөрөг гарсан.

Өнөөдөр бидэнд сайн мэдээ байна. Дахин гурван хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. Эдгээр нь 20, 21, 24 настай хоёр эрэгтэй, нэг эмэгтэй бөгөөл 17-48 хоногт эмчлэгдсэн. 

Монгол Улсад коронавирусийн нийт 288 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 217 нь эмчлэгдэн эдгэрсэн. 71 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж буйгаас 62 хүний биеийн байдал хөнгөн, 9 нь хүндэвтэр байна. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 101 хүн тандалт, эмчилгээ, ажиглалтад байна" хэмээн мэдээллээ.