МУИС-ийн Улс төр судлалын багш, доктор Д.Бумдарь хүн төрлөхтөн дараагийн ямар засаглалын өмнө очиж байгаа тухай ярьсаныг хүргэж байна.

Би оюутнуудтайгаа орчин үед ямар засаглалын хэлбэр ирж байгаа талаар ярилцдаг. Маш олон янзын хувьсгал, шилжилтүүдийг хүн төрлөхтөн хийсэн. Тэгэхээр орчин цагийн  засаглал гэхээр сонгуулиар хаанчлалаа үргэлжлүүлэх рүү явж байна гэж би оюутанууддаа хэлдэг.

Ардчилал гэдэг юу гэсэн утгатай вэ?

Ардчиллын онолыг үнэлж цэгнэж байгаа маш олон судлаачид ямар газар ардчилал хамгийн сайн тогтож байгааг үзэхээр хоёрхон зүйл ярьж байгаа. Эдийн засаг сайн байгаа газар, дээр нь боловсрол нөлөөлдөг. 

1990 онд бид юу хийсэн гэхээр өмчтэй болохын төлөө л явсан. Эдийн засгийн баталгаа гэдэг зүйл хүнд эрх чөлөөг мэдрэх боломж өгдөг. Ийм боломж өгч байгаа тохиолдолд боловсрол илүү сайн байх юм бол магадгүй ардчилал сайн төлөвших байдал руугаа явна. Тэр нь муу байвал чадахгүй гэдгийг харж болж байна. 

Ардчилал гэдгийг юу гэж ойлгох учиртай вэ?

Дэлхий дахинд хоёр л хувааж харах ёстой гэж үздэг. Нэг талд нь дарангуйлал байхад нөгөө талд нь ардчилал байдаг. Ардчилал гэдэг бол засаглал. Энэ үзэл баримтлал биш. Намууд баруун төвийн, зүүн төвийн үзэл баримтлалтай гэж хуваагддаг. Ардчилал баруун төвөөс зүүн төвийн үзлийн хооронд дээгүүр нь зурагддаг. Энэ бол засаглал хэрэгжүүлэх арга зам юм. Ардчилсан засаглал юуг үнэт зүйлээ болгодог гэхээр шударга ёс, эрх чөлөө, тэгш эрхийн зарчим гэдэг зүйл байх ёстой. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд ямар зарчмууд үйлчлэх ёстой гэхээр чөлөөт хэвлэл, ардчилсан сонгууль, иргэний нийгмийн байгууллага гэх мэт маш олон ардчиллын институтуудыг ярьдаг. Эдгээр нь зарчмууд нь болоод оршиж байдаг. Энэ бүх зүйлсийг зөв ойлгохгүйгээр ардчилал гэдэг зүйлийг цааш нь ярихад хэцүү. 

Ардчилал бол засаглалын арга зам юм. 

Дэлхий дахинд ардчиллын уналтыг яаж авч үзээд байна гэхээр бид өмнө нь ардчиллыг маш олон янзаар ардчиллыг ангилдаг байсан бол одоо дөрвөн янзаар ангилдаг болж

Шведийн том судалгааны байгууллага улс орнуудыг дөрөв хувааж ангилсан юм. Бодит ардчилал, сонгуулийн ардчилал, сонгуулийн авторитар, бүрэн авторитар гэсэн дөрвөн төрлийн улс орнууд байна гэж үзсэн. Бодит ардчилсан улс буюу ардчиллын үнэт зүйлсийг шингээж чадсан нь дэлхий дахинд 37-хон улс байна. Монгол алинд нь орох вэ гээд үзэхээр гурав дахь буюу сонгуулийн авторитар гэдэгт багтаж байгаа юм. Ээлжит сонгууль явуулж байгаа. Иргэд нь оролцож байна уу гэвэл оролцож байгаа. Харахад хэм хэмжээ нь бүгд хэрэгжиж байгаа. Цаад мөн чанарын асуудал бий. Энэ бүхнээс харахад ардчиллын уналт дэлхий даяар явж байна. С.Хантингтон ардчиллын түрэлтийн болон ухралтын давалгаануудыг бид туулан өнгөрүүлж буй тухай өгүүлдэг. Нэгдүгээр давалгаа 1828-1926 Их Британи, Франц, АНУ зэрэг 30 шахам орон. 1922-1942 онд ухралт явсан. Хоёрдугаардавалгаа 1942-1962 Энэтхэг, Израйл, Япон, Баруун Герман зэрэг 40 орчим улс. Латин америкт 1960-аад онд ухралт явагдсан. Гуравдугаар давалгаа 1974-1991 Өмнөд болон зүүн Европ, Латин америк, Африкийн зарим улсууд ардчилалд шилжсэн.


Тэгвэл ардчиллын дөрөв дэх ухралт ирж байгаа юу гэвэл ирж байгаа. 

С.Хантингтоны цаг давтамжаар үзвэл энэ ухралт бас богинохон байх магадлалтай. 

Хүн төрлөхтөн дараагийн ямар засаглалын өмнө очиж байгаа вэ?

С.Хантингтон энэ талаар 1990 оны нийтлэлдээ бичсэн байдаг.Цахим засаглал, цахим авторитар хэлбэр рүү шилжнэ гэж үзсэн. Бүх зүйл дижитал болж бүрэн хянах, болно гэсэн. Жишээлбэл манай өмнөд хөрш үүний тод жишээ. We chataa бүгдийг хянаж байгаа. Яг энэ хэлбэр рүү шилжнэ гэж С.Хантингтон 1990 оны нийтэлдээ бичсэн байдаг. Ийм нөхцөл рүү хүн төрлөхтөн явж байгаа байх нь ээ. 

Монголын ардчиллын хувьд эрдэмтэд онолыг нь гаргаж, эрх зоригтонууд хэрэгжүүлж, адгийн хог шаарууд үр шимийг нь хүртдэг юм гэсэн үгийг хэлэх дуртай. Монголчууд ч шилжилт хийсэн. Би хувьдаа 1990-2000, 2000-2010, 2010 оноос өнөөдрийг хүртэл гэж хуваадаг.  2000 он хүртэл нийгмийн давхаржилт, эдийн засаг, боловсролын байдлыг үзэхэд тухайн үеийн бүх судалгаан дээр манайх 50 хувь нь ядууралд орсон гэж дүгнэж байсан. Түүний дараагийн арван жилд ч тийм. Одоо ч тийм байна. 

Нийгмийн баялаг 1990-2000 он хүртэл хүн амын 5 хувьд нь төвлөрч байсан гэдэг Дэлхийн банкны судалгаа бий. Өнөөдөр бол 20 хувьд нь төвлөрч байна гэж үздэг. Тэгэхээр бид Францын хувьсгалын өмнөх үетэй адилхан нөхцөлд очиж байгаа хэрэг.  Дахиад өмчийн асуудал, баялагийг дахин хуваарилах асуудал хөндөгдөнө. Ардчилсан засаглал байх гол шалтгаан нь төр баялагийн тэгш хуваарилалтыг хууль ёсны дагуу хуваарилах ёстой. Баялагаас тэгш хүртэж чадахгүй хүмүүст олж аваачиж өгдөг, хөгжлийн бэрхшээлтэй хүнд нийгмийн халамжаар хүртээдэг гэх мэтээр. АН-ынхан сонгуулийн тогтолцоог яаж ингэж хүлээн зөвшөөрч чаддаг байсныг нь гайхдаг. Өөрсдөө одоо үр дагаврыг нь хүртээд явж байна. Манай шинжлэх ухаанд сонгууль муу болсныг дүгнэдэг ганц л арга байдаг. Манай оюутанууд ч бүгд дүгнэж чадна. Парламент дахь тоогоо санал өгсөн иргэдийнхээ тоотой харьцуулж хардаг. Энэ хоёр тоо холдох тусмаа муу сонгууль гэж үздэг. Бид ийм муу сонгуулийг гурван удаа үзсэн. Олон ургальч үзэл уралдуулж чадахгүй байгаа нь магадгүй бидний хувь заяа юм уу даа. Дээр нь нэг зүйлийг анхаарах ёстой. Геополитикийн хувьд ч дэглэм, засаглал гэдэг зүйл нь гадаад орчноосоо хамаардаг. Магадгүй  хоёр хөрш Ази, Зүүн Ази өөрчлөгдөж байгаа болохоор гадны нөлөө яалт ч үгүй орж ирж байгаа юм. 

Манай үеийнхэн бол ямар ч байсан ардчиллаас ухрахгүй. Гол нь үнэт зүйл, зарчмуудыг нь сайн түгээн дэлгэрүүлж чадвал ардчилал гэдэг засаглал юм байна. Шударгаар амьдрах, эрх тэгш хүртэх, жам ёсны эрхээ эдэлж болох нийгмийг бид бүтээх боломжтой гэж найдаж байна. Ардчилал хэн нэгний өмч биш гэдгийг хэлмээр байна.