“Эрх чөлөө” хөдөлгөөнөөс зохион байгуулсан “Ардчиллын уналт уу, ардчилагчдын алдаа юу” хэлэлцүүлэг өчигдөр UB Grandзочид буудлын хурлын танхимд өрнөсөн юм. Хэлэлцүүлэг эхлэх үед УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь нар хүрэлцэн ирж, “хуримын генерал”-ын үүрэг гүйцэтгэв. Хэлэлцүүлэг зохион байгуулагч “Эрх чөлөө” хөдөлгөөнийхөн өөрсдийгөө аль нэг намынх бус гэдгээ онцолж байлаа. 

Улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Од “салхи хагалж” эхний дүгнэлтийг хийсэн юм. Хэлэлцүүлгийн зочноор уригдсан эрхмүүд “Ардчиллын уналт уу, ардчилагчдын алдаа юу хэмээх үндсэн асуултанд хэрхэн хариулсныг онцолж байна. Энэ сэдэв олон хүний сонирхлыг татсан бололтой хурлын танхим дахь 60 гаруй суудал эзэнтэй байлаа. АН-ын гишүүд, ардчиллыг дэмжигчид ч олон харагдана. Зарим нь намын дотоод асуудлаар лавлаж, сонгуулийн дараах гутралаасаа салж чадаагүй буйгаа ч хэлж амжсан.

АН-ын гишүүн, халамжийн хэмээн тодотгодог Д.Баярсайхан зочдоос “АН-д найдвар байна уу” гэж асуусан юм. Түүний асуултын хариуг хожим мэдээлэх болно.

Ардчиллын уналт уу, ардчилагчдын алдаа юу хэмээх үндсэн асуултдаа хариу авцгаая.

 Э.Гэрэлт-Од: Монголын ардчилал уналтанд орж байна уу гэвэл үгүй байх

Улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Од:

Монголын ардчилал уналтанд орж байна уу гэвэл үгүй байх. Энэ бол байдаг л динамик үзэгдэл болов уу. Харин ардчилагчдын алдаа юу гэвэл тийм гэж хэлнэ. Ардчиллын үнэт зүйлийг өөртөө шингээсэн улстөрчид лидерүүд хэр байгааг хэлж мэдэхгүй байна.

Х.Тэмүүжин: Ардчилагчдын хамгийн том алдаа бол хэзээ ч иргэний байж чадаагүй

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин:

Ардчиллыг бий болгож байгаа сав нь иргэний засаглал шүү. Ардчилагчдын хамгийн том алдаа бол хэзээ ч иргэний байж чадаагүй.  Цагдаагийн байгууллагыг цэрэгжсэн биш болгоно, цагдаагийн удирдлага иргэний хэлбэртэй байна гэхэд “Би генерал болох ёстой” гээд уурлаж байсан хүмүүс шүү дээ. Ардчиллын үнэт зүйлийг манлайлагчид нь харуулж, дагуулж, бүтээлцэж байхгүй бол нийгэмд эсрэг соёлыг нь уухайлан дэмжих хөрс бий болдог.  


Д.Бумдарь:Ардчиллын уналт явагдаж байна

МУИС-ийн Улс төр судлалын багш, доктор Д.Бумдарь:

Ардчиллын уналт уу гэвэл уналт явагдаж байна гэж хэлнэ. Ардчилагчдын алдаа юу гэвэл алдаа. Алдарт Хоббс хүн гэдэг бодгаль юу хүсдэг гэхээр бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө оршиж байдаг гэсэн.  Эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн цагт өөрийнхөө эгог биелүүлэх боломж нь бий болдог гэсэн үг. Ардчиллын 30 жилийн түүхэнд эрх мэдэлд хүрсэн нөхөд тэр далд ухамсараа гүйцэлдүүлэхийн төлөө явсан.  

Д.Баярхүү:Сахилга бат, ардчилал хоёр уг нь нэг юм шүү дээ

Олон улcын харилцаа судлаач, Элчин сайдасан Д.Баярхүү:

Ард түмэн 62 хүнийг сонгож байгаа нь АН-д дургүй. Цөхөрч, гутарсан, ардчилалд итгэхээ байсны л илрэл. Сахилга бат, ардчилал хоёр уг нь нэг юм шүү дээ. Сахилга бат бол дарангуйллыг хэлж байгаа юм биш. Намын гишүүний сахилга бат, УИХ-ын гишүүний сахилга бат, иргэний сахилга бат, өрхийн тэргүүний сахилга бат, ээжийн, эцгийн сахилга батбайх учиртай. Сахилга бат ерөөсөө нүүдэлчдэд байдаггүй юм уу байснаа алга болгочихсон юм уу би ойлгохгүй байгаа. Монгол хүнийг судлах тусам, монголын нийгмийн тухай бичих тусам  улам толгой эргээд, галзуурах шахаад байна гэв.

Зарим илтгэгчийн дүгнэлтийг тун удахгүй дэлгэрэнгүй хүргэх болно.