“Эрх чөлөө” хөдөлгөөнөөс зохион байгуулсан “Ардчиллын уналт уу, ардчилагчдын алдаа юу” хэлэлцүүлэгийн үеэр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн хэлсэн үгийг хүргэж байна.

Одоогоос 15-16 жилийн өмнө ардчилал, Монгол Улсын нөхцөл байдалтай холбоотойгоор ярилцаж байхад Монгол Улсад юу өрнөөд байна вэ гэдгийг хялбаршуулсан замаар тайлбарлаж байсан. Шилжилтийн онол байдаг гээд. Аливаа улс орон шилжилт хийхдээ үе шаттай процесуудыг туулдаг. Тэр дундаа пост комуннист орнууд хаалттай, хагас цэрэгжсэн, төлөвлөгөөт нийгмээс шилжих явцдаа дөрвөн үе шатыг туулж байна гэдэг загварчлал байсан л даа. Одоогийн нийгмээ шүүмжилж байгаа бол ирээдүйд юу бүтээх юм бэ гэдэг төсөөлөл, чиг баримжаа идеалаа олж авдаг юм гээд. Ерээд оны жагсаал, цуглааны үеийн уриа лоозонг харахаар  бий болгохыг хүссэн, бид ийшээ л явах юм байна гэсэн чиг баримжаа болсон олон уриа үг байсныг санаж байна. “Хүний эрх”, “Хүнд суртлыг халъя”, “Иргэний нийгмийг байгуулъя”, “Үг хэлэх эрх чөлөө өг” гэх мэтээр олон лоозонгууд байсан. Ерээд онд бид бүгд нэг үзэл санаатай болоогүй ч чиг баримжаатай болсон шиг байгаа юм. Хувийн өмчтэй болох тухай, зах зээлийн нийгэмд амьдрах тухай, чөлөөт сонголттой улс төрийн өрсөлдөөнтэй дэглэмд амьдрах тухай гэх мэт. 

Ийм чиг баримжаатай болсон орнууд шилжилтийнхээ үед хамгийн их хийдэг ажил нь олж авсан чиг баримжаандаа тохирсон институтуудыг байгуулах гэж оролддог гэдэг. Манайх энэ үе шатыг эрч хүчтэйгээр эхлүүлсэн. Одоо ч хараахан дуусгаж амжаагүй байна. Заримыг нь давуулан биелүүлсэн байх.

Энэ шилжилтийн гурав дахь үе шат бол байгуулсан институт идеалд чинь тохирсон соёлыг үйлдвэрлэж байна уу гээд үзэхээр манай ардчиллын доголдол илэрдэг гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл хараат бус, бие даасан байдлаар ажиллуулах гээд байгаа шүүх хүний эрхийн хэрэм, цайз болж чадаж байна уу? Хуулийн дагуу шударга ёс гээчийг бэхжүүлж чадаж байна уу эсвэл шүүгч нэртэй цөөн хүмүүсийн амьдрах арга хэрэгсэл, ашиг сонирхлыг нь хангадаг бүтэц болж хувирав уу?



Парламент чинь үнэхээр төлөөллийн, иргэдийнхээ нийтлэг ашиг сонирхлыг хангаж чадаж байна уу аль эсвэл мөнгөтэй, засаглалд хүчтэй нөлөөлж чаддаг бүлэглэлүүдийн лобби орж ирдэг, ардчиллаар халхавчилсан шийдвэрийг дамжуулагч болоод хувирчихав уу?

Засгийн газар хууль хэрэгжүүлэх ажлаа хийж байна уу, эсвэл бүлэг фракциуд Засгийн газрыг хаа, гуяар нь салгаж хувьчилж авах замаар ардчилалд огт хамааралгүй, цоо шинэ соёлыг үйлдвэрлээд эхлэв үү? 

Гэх мэтчилэн соёлын үзүүлэлтээр “Танай ардчилалд доголдол үүсч эхэлж байна, гажиг үүсч байна, гол зорилго руугаа явахгүй байна, ардчилалд халгаатай өөр соёлуудыг танай институтууд үйлдвэрлэж байна” гэсэн дүгнэлт 10 жилийн өмнө гарч байсан санагдана. Миний нүдээр харахад энэ дүгнэлт улам бүр баталгаажаад байгаа юм. Би үүнийг яагаад ярих болов гэхээр Э.Гэрэлт-Од судлаачийн хэлсэнчлэн гадаад талд ардчилалтай холбоотой гудайлтууд харагдаж байгаа. Мэдээж пост комунист орнуудад нэг өөр.

Ардчилал урт хугацаанд оршин тогтносон орнуудад бас өөр төрлийн гудайлтууд харагдаж байгаа. Ардчилал урт хугацаанд тогтсон орнуудын гудайлтыг тайлбарлаж байгаа судлаачдын нэг том дүгнэлт нь “Төлөөллийн ардчилал асуудлыг шийдэх арга зам нь учир дутагдалтай учраас төлөөллийн ардчиллыг засварлах, зарим хэсэгт түүнийг орлож болох ардчиллын өөр хувилбарын эрэл хайлт хийгдээд байгаа юм биш үү. Зөвшилцөх ардчилал гэх мэт хувилбарууд яригдаад байна. Энэ нь ардчиллыг сайжруулахтай холбоотой гарч байгаа шийдвэрийг түвшин түвшинд нь, эсвэл шийдвэрийн агуулгууд дээр алинд нь илүү найдвал олон нийт сэтгэл ханамжтай байх вэ гэдэг эрэл хайгуул болохоос биш ардчилсан тогтолцоо ганхаж байна гэсэн дүгнэлт хийх үзэгдэл мөн үү биш үү гэх мэтээр яриа гараад байгаа юм. 

Бид эрх мэдлийн төвлөрлийг задалж чадаагүй улам бүр төвлөрүүлсэн. Сүүлийн 20-иод жил УИХ буюу дээр байгаа хууль тогтоох түвшний байгууллагууд сонгуулийн тогтолцооноосоо болдог уу түвшин түвшинд нь шийдэх эрх мэдлийг нь тараан байрлуулах гэтэл бүгдийг нь татаж авчраад УИХ-ын гишүүн нь хороо, Засаг даргын хэмжээний ажлыг хамж шийдвэрлэдэг болж, бүх эрх мэдэл тэнд төвлөрнө гэдэг олон нийтэд хэт их хүлээлт үүсгэдэг учраас олон нийтийн сэтгэл ханамж бага болж байгаа. Шидэт дохиур шиг ганц зүйл дээр хэт ачаалал үүсэхээр ардчиллаас залхалт үүсдэг.

Сонгууль болохоор юу ч өөрчлөгддөггүй. Баримт ил болоод байхад хэн ч хуулийн хариуцлага хүлээдэггүй. 

Мэдээлэл ил тод байдаг, зарим нь худлаа янз бүр байдаг. Гэхдээ түүний мөрөөр арга хэмжээ авч, ажил хийгдэж, хуулийн хариуцлага хүлээх, өөрчлөлт хийх гэх мэтээр иргэнд буцаж ирдэг мэдээлэл байхгүй учраас олон нийт ардчилал үр ашиггүй юм биш үү, асуудал шийддэггүй юм биш үү гэдэг ойлголттой болж, ардчиллаас залхаад байгаа юм гэсэн тайлбарууд бас гарч ирж байна лээ. Манайд энэ дүр зураг бас илүү тод харагдаж байгаа юм.

Ардчиллын уналт уу гэдэг асуултанд хариулахад ардчиллыг нэр хүндийнх нь хувьд цэвэр байлгахын тулд ардчилалд хамаагүй зарим ойлголтыг салгаад, тэнд нь бас ардчилалтай эн тэнцэхүйц үнэт зүйлүүд байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал юм байна. Үүнийг монголчууд дутмаг хийсэн.

Тухайлбал Сингапур, Хонгконг гэх мэт орнуудын туршлагатай 2012-2014 онд очиж танилцаж байлаа. Улс төрийн тогтолцоог нь ардчилсан гэж хэлэхгүй  системүүд боловч хууль сахиулах байгууллагууд нь маш иргэнжсэн. Иргэндээ үйлчлэхийг зорьсон, хяналтад нь байлгахыг оролддог, тайлагнадаг системтэй. Тэнд үйлчилгээг нь авч байгаа хүмүүсийн эрх ашгийг нэгдүгээрт тавих хэмжээний зохион байгуулалт, хуулийн орчинтой. Иргэний болгох гэдэг ойлголт ардчилалтай цуг яригддаг юм. Энэ институтууд чинь иргэний байж чадаж байгаа юм уу? Энэ институтуудын үйлдвэрлэж байгаа соёл болон явуулж байгаа чиг үүргийнх нь үр шимийг нь хүртэгч нь иргэд байж чадах уу гэдэг сэдвээр бид үнэхээр ярих цаг болсон. 

Ардчиллын дайсан гэх юм уу ардчиллыг үнэгүйдүүлдэг нэг үзэгдэл бол иргэний бус засаглал, иргэний бус арга зам, иргэний бус чиг үүргүүдийг хэтэрхий санхүүжүүлэх, зохион байгуулалтыг нь чадваржуулах гэдэг ойлголт бий. Та бүхэн анзаарч байгаа. 

Парламентын спикер нь хүртэл ёслохоос авахуулаад энэ бүхэн юу илэрхийлж байна гэхээр иргэний гэдэг байдлаа энэ засаглал чинь алдаж эхэлж байгаа юм биш үү гэдэг дохио. Дэг журам гэхээр хуучин хагас цэрэгжсэн, социалист пост комунист улс орнуудад байдаг шиг хамгийн сайн зохион байгуулалт бол цэргийн дэг журам л гэж ойлгодог  хандлага одоо хүртэл яваад, жирийн иргэдийн хувьд цэргийн дүрэмт хувцас өмссөн бол илүү сахилга баттай юм шиг, ёслоод тушаал заавраар гүйгээд байвал зохион байгуулалт өндөртэй, ажлыг гялалзуулж байгаа хүмүүс шиг харагддаг хандлага нь иргэний байр суурь, иргэний гэх бүх үнэт зүйлүүдийг доош нь хийж байгаа. 

Ардчиллыг бий болгож байгаа сав нь иргэний засаглал шүү. Ардчилагчдын алдаа байв уу гэдгийг бодож, ярилцах ёстой байх. Манай ардчилагчид хэзээ ч иргэний байж чадаагүй. 

Эрх мэдэлд гарчихаараа феодал ноёд шиг загнаж эхэлдэг. Тусгай анги шиг бодож эхэлдэг. Өмсч байгаа хувцас нь аяглаж байгаа байдал нь хэн нэгнээс тусдаа дээгүүр, үнэ цэнтэй анги давхаргын соёл, хэв шинж бүтээх гэж оролддог. Өнөөдөр ардчилал, чөлөөт нийгэмд тулгарч байгаа олон зовлонгийн эхийг манай ардчилагчид тавьсан байдаг. 

Дүрэмт хувцас өмсөх донг манайхан өөрсдөө эхлүүлсэн. Зүгээр л цалингаараа хувцсаа авч өмсөөд, иргэндээ үйлчлээд явж байх ёстой нийгмийн даатгал, татварынхныг татвар төлөгчдийн мөнгөөр хувцаслах ажлыг бид эхлүүлсэн. 

Ардчилсан Ерөнхийлөгч гэж ярьж байгаа хүн ёсолгоо хийгээд, эх орондоо хайртай, мундаг дүр бүтээх гэж оролдсон. Түүнийх нь араас парламент, төлөөллийн танхимын спикер нь ёслоод дүрэмт хувцас өмсөөд зогсч байна. Хэрэв Монгол Улсад Үндсэн хуулийн шүүх байдаг тэр нь ардчиллын манаач хувь хүний эрх чөлөө, иргэний байдлын хэрэгсэл байсан бол аль хэдийн Үндсэн хуулийн шүүхэд дуудагдаад, асуудал яригдах учиртай. Манайд тэр нь даанч харамсалтай нь ажилладаггүй.  Ардчилагчдын хамгийн том алдаа бол хэзээ ч иргэний байж чадаагүй. Цагдаагийн байгууллагыг цэрэгжсэн байгууллага биш болгоно цагдаагийн удирдлага иргэний хэлбэртэй байна гэхэд би генерал болох ёстой гээд уурлаж байсан хүмүүс шүү дээ. Ардчиллын үнэт зүйлийг манлайлагчид нь харуулж дагуулж, бүтээлцэж байхгүй бол эсрэг соёлыг нь уухайлан дэмжих хөрс нийгэмд бий болдог.