Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторт 330 хүний шинжилгээ хийгдсэн. Үүнд дөрөвдүгээр сарын 08-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 281 хүний шинжилгээ орж байна. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгүүдэд уушгины хатгалгаагаар өвдөн эмчлүүлж буй 25 хүнээс сорьц цуглуулж шинжлэхэд бүгдээс нь коронавирус илрээгүй. 

Өчигдөр батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтал болох 24 хүнийг тогтоож, шинжилгээ хийлээ. 23 нь коронавирус илрээгүй. Нэгээс нь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Энэ бол батлагдсан тохиолдлын машины кабинд хамт сууж явсан гэр бүлийнх нь хүн юм.

Улмаар Монгол Улсад коронавирусийн батлагдсан 35 тохиолдол бүртгэгдлээ. 8 нь эдгэрсэн, 27 хүн эмчлүүлж байна. Манай улсад бүртгэгдсэн тохиолдлууд бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Иргэд маань анхаарлаа сулруулахгүй байж, зөвлөмжөө дагаж, маск зүүж, бээлий өмсөх шаардлагатай. Тэгээд өөдрөг сайхан сэтгэлээр коронавирусийг ялъя" хэмээлээ.

Өчигдөр батлагдсан тохиолдол нь Европоос ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн машины жолооч бөгөөд машиндаа гэр бүлийн хат явсан байна. Тэднийг буудалд тусгаарласан байсан бөгөөд шинжилгээ хийхэд нэг хоногийн зайтай коронавирус илэрлээ.