Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх цуврал хэлэлцүүлэг өнөөдөр “Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдал” сэдвээр эхэллээ.

Хэлэлцүүлгийн үеэр ХЗДХ-ийн дэд сайд асан, эрхзүйч, улс төр судлаач Б.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Тэрээр энэ үеэрээ "Үндсэн хуулийн өөрчлөлтийн хамгийн гол хийгдэж буй зарчим бол тогтвортой, хариуцлагатай Засгийн газрыг байгуулдаг болъё гэсэн чиглэл юм. Яг энэ зарчмаа барих юм бол УИХ-ын гишүүдээс оруулж ирсэн тодорхой тооны буюу 5 хүнээр хязгаарлая гэдэг нь их боломжтой санал. Яагаад гэхээр зөвхөн өнөөдрийнх шиг нэг нам үнэмлэхүй олонх болсон парламентаар хараад дүгнэж болохгүй. 

1992 оноос хойш 6 удаагийн парламент гарч ирсэн. Долоо дахь парламентын дүр зургийг харахад үнэмлэхүй олонх бүрдсэн ердөө 2 тохиолдол байна. 2004-2008 онд аль нам ч олонх болоогүй, улс төрийн 5 нам хамтарч Их эвслийн Засгийн газрыг байгуулсан түүх бий.

Энэ агуулгаар нь бодвол аль ч нам олонх болохгүй байх нөхцөлийг бид тооцох ёстой. Үндсэн хууль хамгийн багадаа дараагийн 20-30 жил, цаашилбал 100-200 жилийг харж, тогтвортой мөрдөгдөх Үндсэн хуулийг батлах ёстой. Тиймээс улс төрийн намууд зөвшилцөж, улс төрийн лидерүүд өөрсдөө Засгийн газрын танхимд багтаж, Засгийн газраа байгуулах боломжийг бүрдүүлэхгүй болбол, ганцхан Ерөнхий сайд л давхар дээлтэй байж болно гэдэг өөрчлөлтийг хатуу хийж өгвөл энэ нь магадгүй сөрөг үр дагавар дагуулах эрсдэлтэй. 

Ямар эрсдэл вэ гэхээр аль ч нам олонх болохгүй тохиолдолд намын дарга нь өөрсдөө Засгийн газарт орох боломжгүй учир Засгийн газраа бүрдүүлэхийн тулд магадгүй 10 биш 20 яам байгуулах, нэг биш 2-3 дэд сайдтай болгож байж бүх намын төлөөллийг бүрдүүлэх байдлаар илүү том данхар Засгийн газрыг бүрдүүлэх эрсдэл гаргаж ирнэ гэсэн үг. Тиймээс бид цомхон, чадварлаг, Зөвшилцөлийн Засгийн газар бүрдүүлэх боломжийг харах ёстой.