УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийж, 277.000 хүнийг хамарсан буюу тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн барих талаараа мэдэгдлээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "АН-ын бүлэг өнөөдөр хуралдаад 100 хувийн саналаар Өндөр настны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэн олгох тухай хуулийн төслийг санаачлан өргөн барихаар боллоо. Үүнд тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөгөөс дээш байхаар тусгасан. Өнөөдөр 500.000 төгрөгөөс доош тэтгэвэр авна гэдэг бол амьжиргаанд хүрэлцэхгүй. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар өрхийн дундаж зарлага 1.5 сая төгрөг байна. Тэгэхээр хоёр ахмад нийлээд ч тэтгэврийн мөнгөөрөө амьжиргааны гуравны нэгийг ч бүрдүүлж чадахгүй хэмжээнд байна. 

Өнөөдөр 441.000 иргэн тэтгэвэр авч буйгаас 277.528 нь 500.000 төгрөгөөс доош төгрөгийн тэтгэвэр авч байна. Энэ нь ахмадуудыг ядууралд хүргэж буй хамгийн том шалтгаан. Хамгийн бага тэтгэвэр авч буй ахмадуудыг бүлгээр нь авч үзэхэд олонх нь социализмын үеийн бүтээн байгуулалтад оролцож байсан, ямар ч хувийн өмчгүй, хадгаламжгүй хүмүүс. Тиймээс ядууралд өртөж буй иргэдийн дийлэнх нь ахмадууд юм. 

Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл нь хуулийн гол зорилтууд, хэрхэн хэрэгжүүлэх, санхүүгийн эх үүсвэр, хамрах хүрээ нь ямар байх, ямар журмыг баталж хэрэгжүүлэх вэ гэсэн үндсэн 7 хэсгээс бүрдэж байгаа. 

Нэг зүйлийг онцолж хэлэхэд, Монгол Улс Үндсэн хуульдаа байгалийн үр өгөөжийг үндэсний баялгийн сандаа төвлөрүүлээд, тэгш шударга хүртээнэ гэсэн чухал заалттай. Бид баялгаараа дэлхийд дээгүүрт ордог. Гэтэл ахмадууд нь ядуу амьдарч болохгүй. АН бол хавтгайрсан халамжийг дэмждэггүй. Халамжлах ёстой хүмүүсээ халамжилсан шиг халамжлах ёстой гэж үздэг. Энэ бол ахмадууд улсаас гуйж буй халамж биш. Залуудаа хийж бүтээсэн, одоо авах ёстой хууль ёсны тэтгэвэр юм" хэмээлээ.

Мөн тэрээр "Стратегийн ордуудыг маш хурдан эргэлтэд оруулах замаар эдийн засгийг тэлж эргэлтэд оруулснаар үр өгөөжийг нь дээшлүүлэх санхүүгийн эх үүсвэрийг оруулсан. Цагаан суваргын орд санхүүжилтын гол эх үүсвэр болно. Үүнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг дээд зэргээр дэмжиж, хамтарч ажиллах замаар эргэлтэд оруулъя. Жилд нийт 400 гаруй тэрбум төгрөг зарцуулагдана" гэв.