УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдсан. Хуралдааны дараа мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Бид өнөөдөр Засгийн газрыг огцруулахыг, Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих, Ч.Улааныг сайдаар томилохыг дэмжих эсэх гэсэн үндсэн асуудлаар хэлэлцлээ.

Ардчилсан нам 7 удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Засгийн газрын гишүүддээ хариуцлага тооцох, Засгийн газрыг бүхэлд нь огцруулах талаар шаардлага хүргүүлсэн. Эдгээр шаардлага хүргүүлсэн байр суурьтаа Ардчилсан нам хэвээрээ байгаа. Тиймээс бид У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дэмжиж байна.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг өөрсдийн хамаарал бүхий компанидаа авсан, ашиг сонирхлын зөрчилтэй 2 сайд өнөөдрийн Засгийн газарт байна. Эдгээр сайд нартаа хариуцлага тооцохгүй, энэ асуудлыг шийдэхгүй бол ХХААҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилохыг дэмжих боломжгүй гэж Ардчилсан нам үзэж байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Улсын төсөвт тавьсан хоригийг Ардчилсан нам дэмжинэ. 2019 оны улсын төсөвт зөрчилдөөнтэй олон зүйл байгааг бид удаа дараа мэдэгдсэн. Тиймдээ ч бид Ерөнхийлөгчийг хориг тавиачээ гэж уриалсан. Энэ төсвийн зарлагыг танах боломжтой гэх зэрэг хориг тавих хэд хэдэн нөхцөл бий" хэмээн мэдэгдлээ.