УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд "Монгол "Улс Саарал" жагсаалт"-д орсон нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарын ажилдаа хариуцлагагүй хандсанаас болсон. Иймд дээрх албан тушаалтнуудыг огцруулах шаардлага хүргүүлж байна" хэмээв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ "Монгол Улс "Саарал жагсаалт"-д орсон үндсэн 4 шалтгаан нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарын ажилдаа хайнга ханддаг, популизмаар ажил хийдэгтэй шууд холбоотой. Үүнийг зөвхөн АН биш олон улсын байгууллагууд ингэж дүгнэж, дэлхий дахинаа зарласан. Дээрх албан тушаалтнууд нь 2017 оноос хойш терроризмтэй тэмцэх хууль, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тухай асуудалд хяналт тавих ажлыг цалгардуулсан, хууль санхүүгийн байгууллагын уялдаа холбоо, зохион байгуулалт нэн сул байсан буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Монгол Улс ФАФТ-ын Саарал жагсаалтад орсон. 

МАН 2008-2012 онд эрх барьж байхдаа мөн л ФАФТ-ын шалгалтад унаж, Саарал жагсаалтад оруулж байсан хар үйл явдал дахин давтагдаж байна. Эрх баригчид АН руу буруугуу тохох зорилгоор 2012-2016 оныг дүгнэсэн мэтээр ард түмний тархийг угаах ухуулга хийж буй нь амжилт олсонгүй. Өмнө нь МАН Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан байсныг АН идэвхтэй ажиллаж 2014 онд тус жагсаалтаас гаргасан. ФАФТ энэ удаа 2017 онд өгсөн даалгаврыг хэрхэн биелүүлснийг хэлэлцэж дүнгээ гаргасан.

Гэтэл дээр дурдсан хариуцлагагүй албан тушаалтнууд алдаа дутагдлаа засаж, цаашид авах арга хэмжээний талаар ярихын оронд хэн нэгэнд буруугаа няцааж, эсвэл Саарал жагсаалтад орсон ч ямар ч сөрөг нөлөө, үр дагаваргүй мэтээр ярьж өөрсдөө уснаас хуурай гарах оролдлого хийж байгаа нь жигшүүртэй явдал юм" гэдгийг хэллээ.

Ардчилсан намаас хүргүүлж буй тус шаардлагад:

Саарал жагсаалтад багтсан улс орнуудын гашуун сургамжаас харахад гадаад улсын банкнууд өндөр шаардлага тавих, зарим тохиолдолд хамтран ажиллахаас татгалзах, Олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах, Гадаадын хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах, Иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх, Улмаар улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох, өндөр өртөгтэй төслүүдийн хөрөнгө оруулалтууд царцах, буцаан татах, хөрөнгө оруулалт шинээр нэмэгдэхгүй болох зэрэг эдийн засгийн хүндрэлүүд үүсэх, цаашлаад саарал жагсаалтад орсон шалтгаануудыг нэн яаралтай залруулах талаар эрчимтэй арга хэмжээ авахгүй бол Европын холбооны хар жагсаалтад ч орох ноцтой эрсдэл бий болдог.  

FATF-ын хяналтын жагсаалтад орсон улсуудын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай байдлыг харгалзсаны үндсэн дээр Европын холбоо Хар жагсаалтад оруулах асуудлыг шийддэг.

Монгол Улс саарал жагсаалтад орсноор Рио Тинто Оюу толгойн төсөлд санхүүжилт татахад хүндрэлтэй болж байна гэж “Австралийн санхүүгийн тойм”-оор мэдээлсэн. Одоогоор 5.3 тэрбум ам.долларын гүний уурхайд нэмж 1.2 -1.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах шаардлага байгаа ч удаашрах, цаашлаад татрах магадлал байна. Бусад өөр томоохон төслүүдэд ч адил сөрөг нөлөөтэй.

Олон улсын байгууллагаас муу үнэлгээ авч Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд унагасан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц. Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар нь ажил үүрэгтээ хайнга хандсан, энэ албан тушаалыг эрхлэх чадамжгүй улс төрийн болон мэргэжлийн хариуцлага хүлээлгэж, холбогдох хуульд заасны дагуу огцруулахыг шаардаж байна" гэжээ.