УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр "“Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийн Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр “Ээлжит сонгуулийн бэлтгэл ажил” сэдвээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас илтгэл тавьсан бол Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил”-ын талаар мэдээлэл хийв.

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн автоматжуулсан системийн тоног төхөөрөмжийн техникийн суурь шалгалт, засвар үйлчилгээг тогтмол хийж байгаа. Санал тоолох төхөөрөмжийг хадгалж буй агуулах болон серверийн аюулгүй байдлыг хангах ажлыг график, төлөвлөгөөний дагуу хийж байна гэв.

Мөн УИХ-ын 2020 оны сонгуулийн төсөвт 20,5 тэрбум төгрөг, ороннутгийн сонгуульд 16,5 тэрбум төгрөг тус тус батлагдсан. УИХ-ын сонгуулийн тухай хууль батлагдвал саналын хуудасны, техник худалдан авах болон гадаад улсад байгаа сонгогчийн санал авах зардал тус тус нэмэгдэхээр байгаа аж.