Цэдэнбалын Цэрэндолгор
03 сарын 21, 2024
Бямба гараг шиг Лхагва гараг гэж нийгмийн сүлжээнд энэ тэнд амарч, хоол идэж яваа зургаа оруулсан хүмүүс цөөнгүй харагдана. Хаана идэж ууж, баярлаж цэнгэх нь мэдээж таны л мэдэх асуудал юм. Гагцхүү иргэний үүргээ биелүүлсэн л байх учиртай.
Өнөөдрийн 12 цагт СЕХ-ны мэдээлж буйгаар улсын хэмжээнд орон нутгийн сонгуулийн ирц 15.2 хувь байгаа аж. Тун чамлалттай тоо байгаа биз.
Бид хамгийн их улс төрждөг хэрнээ яг цагаа тулахаар ийм л хариуцлагагүй ханддаг сул талтай.
Хэрвээ иргэн та сонгуулиа өгөөгүй бол өдөр бүр гэрээсээ гараад учирч буй асуудал болгон танд падлийгүй гэж ойлгож байна. Ажилдаа гарч, гэртээ харихдаа явахдаа засахад яана гэж гоншигнодог тэрхүү замын ажил, үр хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цагаа алдаж буй замын түгжрэл танд хамаагүй гэсэн үг. Хамаатай байсан ч та иргэний үүргээ биелүүлээгүй тул гомдоллох эрхгүй гэсэн үг.
Ингэж өөрсдөө хариуцлагагүй хандчихаад бусад руу бүх буруугаа тохдог, агаарын бохирдлыг бууруул, гудамж талбайгаа цэвэрлэ, зам дээрээ түгжирмээргүй байна гэж өвчигнөнө, жагсана, цуглана, попорно. Угтаа үндсэн оролцоо нь асуудал гарсны дараа биш гарахаас өмнөх иргэний нийгмийн, иргэн бүрийн оролцоо юм.
Бурууг бусдаас нэхдэг энэ хачин сэтгэлгээгээрээ бид хэр холыг туулах бол. Өрөөл бусад л пад хар, бүхий л асуудлын шалтгаан, өөрөө болохоор өөгүй ерөөсөө энхийн цагаан тагтаа юм шиг л аашилцгаана.
Монгол Улс хөгжихгүй байгаа нь монголчуудын дорд ухамсар сэтгэхүй гэж гадны нэг иргэн хэлснийхээ төлөө баахан баалуулсан түүхийг би мэднэ. Тэнгэрлэг, хийморлог монголчуудад тэр гадаадын асуудалд бодитой хандах, амьдрахдаа бусдад гай болж таарахгүй, социализмын үеийнхэн шиг албадлагаар бус ухамсарт хандлагаар асуудлаа шийдэх шийдэл чухал байгааг нь шуудхан хэлсэн тул таалагдаагүй бололтой. Гэвч бодит байдлыг өнөөдрийн 11 цаг хүртэлх сонгуулийн ирцийн мэдээ багахан ч гэсэн илчилж л байна.
Бүх зүйл төгс биш. Нэр дэвшсэн хүмүүсийн дунд сайн нь саар нь ч бий. Таалагдахгүй байна гоочилж сонгуулиа өгөхгүй байснаараа та жинхэнэ хүсээгүй сонголтоо хийж байна гэсэн үг юм. Өвчнөөр бол өнөөгийн нийгмийн асуудлуудын онош нь бидний нийгэмдээ оролцоогүй идэвхгүй байдал юм. Бид асуудалд ханддаг сэтгэлгээгээ өөрчилж, аливаад бодитоор хандах цаг нь ирчихжээ.
Сонгууль өгөх эсэх нь миний эрх гэж эгдүүцэж байна уу.
Хууль дүрэм биелүүлнэ гэдэг ерөөсөө л бусдын эрх ашгийг, бие биенээ хүндэтгэж, байгаа хэрэг. Тэр хууль дүрэм нь таны, бусдын эрх ашгийг хохироогоод байгаа бол засч залруулах хэрэгтэй. Энэ боломж бас л сонголтоор баталгааждаг.
Энэ удаагийн сонгуульд ирц хамаарахгүй юм билээ. Тэгэхээр та очсон ч эс очсон ч сонгуулийн дүн гарах нь тодорхой.
Тиймээс ирээдүйгээ өөрчлөх, сонгох шидтэй сонголтоо өнөөдрийн 20 цагаас урьтаж хийх л үлдлээ. Өөрсдийн хувь нэмрээ заавал оруулаарай. Оролцоогүй хэрнээ бусдад буруугаа тохдог байж таарахгүй л болов уу. “Таны амьдрал бол таны хийсэн сонголтуудын нийлбэр дүн" гэсэн мэргэн үг бий байх аа...
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.