Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/, Электорат хөдөлгөөний нэгдэн байгуулсан "Зөв ХҮН электорат эвсэл" 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ иргэдээр сонгуулахаар болсон талаараа өнөөдөр мэдээллээ.

Тэд мэдээлэлдээ "УИХ-д суудалтай улс төрийн хүчний хувьд удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд “Зөв ХҮН Электорат” эвслээс нэр дэвшигчийг тодруулахад өөрийн саналыг гарган оролцох боломжийг иргэдэд нээлттэй олгож, сонгуулийг сонголттой болгох “Ерөнхийлөгчөө захиалъя” аяныг эхлүүлж байна. 

Аяны гол зорилго нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг олон нийт, гишүүд, дэмжигчдээсээ нээлттэй санал авч, хуулийн хүрээнд тодруулах явдал юм. Нэр дэвшигч Монгол Улсаа талцуулан хагалдаг биш эвлүүлэн нэгтгэдэг, аль нэг нам бүлгийн эрх ашгийг хамгаалагч биш, нийт монголчуудаа төлөөлж чадах, хулгай хийдэггүй, худал ярьдаггүй, нэр цэвэр, хүсэл тэмүүлэл өндөр хүн байх ёстой.  

Монгол Улсын иргэн www.zuvhun.mn веб хуудсаар зочлон, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллавал зохих хүний мэдээллийг илгээж, судалгаанд хамрагдахыг урьж байна. Хуулийн шаардлага хангасан Монгол Улсын Иргэн хэнийг ч нэр дэвшүүлэхээр саналаа ирүүлж болно" хэмээлээ.

Мэдээллийн үеэр тус намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Манай намаас хэн ч нэр дэвшиж болно. Тэр тусмаа бид эмэгтэй хүмүүсийг улстөрд оролцоосой гэж хүсдэг, дэмждэг. АН-аас одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга улиран нэр дэвших сонирхолтой юм байна гэж олйгож байгаа. Бас нэг дэвшилтэт зүйл нь он гарсны дараа "Би Ерөнхийлөгчид нэрг дэвшинэ" гэж зарласанд нь Ц.Оюунгэрэлийг бид үнэлж байгаа. Иргэдийн олонх түүнийг нэр дэвшүүл гэсэн санал өгвөл бид дотроо ярилцаж үзнэ. Бидний зарчим бол нам үл харгалзан ямар ч хүнийг хүлээж авна. Бид өнөөдөр нэг ч улстөрчтэй энэ талаар ярилцаагүй. Заавал олон нийтэл танигдсан , мөнгөтэй улстөрч байх шаардлагагүй. Боловсролтой, юмаа мэддэг хүн байх нь л чухал" хэмээлээ.


Иргэн та ЭНД дарж, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаа хүнээ нэрлэнэ үү.