Шинэ коронавируст халдварын Япон улс дахь сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар тус улс дахь Монгол Улсын элчин сайдын яамнаас мэдээллээ.

Япон Улсын Засгийн газраас гаргасан шийдвэр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр буюу тавдугаар сарын 14-нд хэвлэлийн бага хурал хийж, мэдэгджээ. Энэ үеэрээ 39 мужид онц байдлыг цуцалж, цар тахлын үед ААН-үүдэд үзүүлэх мөнгөн тусламжийн хэмжээг 15.000 иенээр нэмэгдүүлэхээр шийдвэрлэснээ мэдээлсэн байна. Мөн ирэх зургаадугаар сар гэхэд өдөрт 20-30 мянган хүнийг “антиген” оношлуурт хамруулдаг болох аж. Тодруулбал,


“Онц байдал”-ын талаар

- “Тусгайлан анхаарах муж” Фукуока, Айчи зэрэг нийт 39 мужид онц байдлыг цуцлах

- Онц байдлыг цуцласан бүс нутагт хүн хоорондын ойртолтыг үргэлжлүүлэн хязгаарлах

- Халдварын эсрэг арга хэмжээний заавар, удирдамжийг мөрдлөг болгох

- “Онц байдал”-ын арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх “Тусгайлан анхаарах муж” болох 8 мужийн халдварын нөхцөл байдалд 21-ний өдөр дахин үнэлгээ өгөх

- Халдварын 2 дахь давалгааны нөхцөл байдлаас шалтгаалан дахин “Онц байдал” зарлах магадлалтай


Эдийн засгийн арга хэмжээ

- 2020 оны төсвийн тодотголд нэмэлт өөрчлөлт хийх төслийг авч хэлэлцэх

- Аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх мөнгөн тусламжийн хэмжээг 15.000 иенээр нэмэгдүүлэх

- Муж орон нутгийн халдвартай тэмцэх үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх


Эмчилгээний систем

- Шүлснээс дээж авдаг PCR оношилгоог өргөн хэрэглэх

- Ирэх сар гэхэд өдөрт 20-30 мянган хүнийг “антиген” оношлуурт хамруулдаг болох

- Энэ оны тавдугаар сард багтаан “Авиган” эмийн зөвшөөрлийг олгох шийдвэрийг тус тус гаргажээ.


Эх сурвалж: Япон дахь Монгол Улсын Элчин сайдын яам