Эрүүл мэндийн даатгалаар элэгний B, С ВИРУС-ийн ачаалал тоолох шинжилгээг хийлгэхдээ анхаарах зүйлийг Интермед эмнэлэг зөвлөж байна.

  • ЭМД-ын төлбөрөө төлсөн Монгол Улсын 15-65 насны иргэн байх
  • Өөрийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвд бүртгүүлж баркод авсан байх 
  • Мягмар, Лхагва гарагт 08:00-17:00, Пүрэв гарагт 08:00-10:00 цагт шинжилгээг авах ба хариуг Баасан гарагийн 08:00-17:00 цагийн хооронд олгоно. 

 

Нийтлэг асуултууд:

-Вирус илрүүлэх шинжилгээг хаана яаж өгөх вэ? 

- Элэгний B, C вирусийн ачаалал тоолох шинжилгээ хийх 2018 оны сонгон шалгаруулалтад тэнцсэн лабораториудад өгөх боломжтой. https://www.ndaatgal.mn/v1/emdfile/lab.pdf

-Өмнө нь харьяа эмнэлгээсээ өөр хувийн эмнэлэгт илрүүлэх шинжилгээ өгөөд вирус илэрсэн хариу авч байсан ба одоо тоолуулах хүсэлтэй байгаа юм. Заавал харьяа эмнэлгийнхээ эрх бүхий эмчээс бичиг авч очих ёстой юу? 

- Тэр тохиолдолд та дүүргийнхээ эсвэл манай эмнэлгийн(төлбөртэй) элэгний С вирусийн эсрэг эмийн жор бичих эрхтэй нэр бүхий эмчид үзүүлж өөрийн мэдээллийг "цахим мэдээллийн сан"-д бүртгүүлсэн байх шаардлагатай.

-Танай дээр шинжилгээ өгөхөөр очсон чинь миний мэдээлэл цахим мэдээллийн санд байхгүй тохиолдолд яах вэ? Танай эмнэлгийн эмчид үзүүлж мэдээллээ оруулж болох уу? 
- Та эмчид үзүүлэх цаг аван эмчтэй уулзаж өөрийн мэдээллийг цахим мэдээллийн санд оруулуулж болно. Гэхдээ эмчийн үзлэгийн төлбөрийг ЭМД-аас хөнгөлөхгүй. Мөн та дүүргийнхээ эмнэлгийн эрх бүхий эмчид хандах боломжтой.

-Надад вирус байгаа эсэхийг мэдэхгүй байна. Вирусээ тоолуулж болох уу? 

- Вирус тоолуулах шинжилгээ өгөхийн өмнө та эхлээд өөрийн харьяа өрх, сумын эмнэлэг дээр вирус илрүүлэх шинжилгээ өгөх ба хэрэв илэрсэн тохиолдолд ЭМД-аар үнэ төлбөргүй тоолуулах боломжтой.

-Хэдэн насныхан тоолуулах боломжтой вэ? 

- 15-65 насны ЭМД-аа төлсөн Монгол Улсын иргэн вирус тоолох шинжилгээг амьдралын туршид 2 удаа үнэ төлбөргүй хийлгэх эрхтэй. 

-Би дүүргийн эмнэлгээр дамжиж шинжилгээ өгөлгүйгээр шууд очоод илрүүлэх шинжилгээгээ өгөөд дараа нь тоолуулж болох уу? 

- Болно. Тэр тохиолдолд ЭМД-аас илрүүлэх шинжилгээний төлбөрийг даахгүй. Та эхлээд манай эмнэлэг дээр ирэн илрүүлэх шинжилгээ өгөх ба С вирус илэрсэн тохиолдолд ЭМД-аас үнэ төлбөргүй тоолуулж болно.

-Би өмнө нь хувиараа шинжилгээ өгөөд С вирустэй гэсэн хариу авч байсан. Эмчилгээ хийлгэхийн өмнө нэг удаа тоолуулсан. Одоо дахиад тоолуулж болох уу?

- Болно. ЭМД-аас B, С вирус тоолох шинжилгээг амьдралын туршид 2 удаа үнэ төлбөргүй хийлгэж болно. Мөн таны ЭМД-аас авсан үйлчилгээний нийт төлбөр 2,000,000₮-с давсан байж болохгүй.

-B, С вирус тоолуулах шинжилгээг хэзээ өгч болох вэ? Хариу нь хэд дэх өдөр гарах вэ? 

- Шинжилгээг Мягмар, Лхагва гарагийн 08:00-17:00, Пүрэв гарагийн 08:00-10:00 цагийн хооронд өгөх боломжтой. Шинжилгээний хариу зөвхөн Баасан гарагийн 08:00 - 17:00 цагийн хооронд олгоно.