Эрдэнэтийн зарим орон сууны хонгилд нохой бөөс үржиж, нэг давхарын айлууд руу нэвтэрсэн тохиолдол гарчээ. Үүнээс болж тус аймгийн Засаг даргын сүүлчийн 3-4 ч шуурхай зөвлөгөөн дээр Эрдэнэт хотын нохой бөөсний асуудал ам дамжин яригдаж байна.

Тус аймгийн Баян-Өндөр суманд гэхэд нохой бөөсний устгал хийхэд 40 гаруй сая төгрөг шаардлагатай. Үүний 70 хувийг аймаг, орон нутгаас гаргаад үлдсэн 30 хувийг нь СӨХ-д гаргах ёстой гэжээ. Мөн нэг цэцэрлэг, нэг сургуулийн биеийн тамирын заал ч асуудал үүсгэх магадлалтай гэв. 

Одоогийн байдлаар 13 байрны 30 гаруй зоорийн давхарт нохой бөөс үүрлэсэн гэсэн судалгааг Баян-Өндөр сум гаргаад байна. Хэрэв уг шавьжийг яаралтай устгахгүй бол 4,5, 6 дугаар сургуульд тархах эрсдэл байгаа аж.

Шалтгаан нь хараа хяналтгүй орхигдсон нохой муур үүрлэж орон сууцны хонгилд үржиж байгаагаас болсон байна. Нохой бөөс нь энэ зүйл дотроо тархалт хурдантай, хүнд үзүүлдэг хор уршиг нь илүү, нөлөөлөл нь хурцаар илэрдэг шимэгч юм.