Шинийг санаачлагчид, тоглоомын дүрмийг өөрчлөгчдийн баяр, шинэ үеийн манлайлагчид, залуу мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт  Unplug 2018 арга хэмжээ яг одоо Зайсан Хилл цогцолборт болж байна. Гурав дахь жилдээ зохиогдож буй Unplug 2018 нь амжилттай яваа үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх захирлууд, бүтээгч хүмүүс зочноор оролцож, нөгөө талаас тэднээс суралцах, үлгэр дууриал авах хүсэлтэй эрч хүчтэй залуусын уулзалт юм.

Эхний хэсэг “Эрүүл хүчирхэг сэтгэл зүйтэй хувь хүнийг цогцлоох нь” хэлэлцүүлэг байв. Зочноор “Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан, “Тагтаа Паблишинг”-ийн хамтран байгуулагч Б.Баясгалан, Techstars компанийн Ази, Номхон далайн бүсийн захирал Д.Бат-Октябрь, “Ялгуун” брендийн үүсгэн байгуулагч Н.Өлзиймаа нар юм.

Тэд өөрт тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн даван туулсан туршлагаасаа танилцууллаа.

“Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан:

6 жилийн өмнө би гудамжинд хөгжлийн бэрхшээлтэй хүн гудамжинд “Хүний наймааг зогсоо” гэсэн бичиг бариад зогсч байлаа. Би зөрөөд өнгөрсөн, тэрхэн зуур гэнэт энэ хүн яагаад ингээд зогсч байдаг билээ гэж бодсон. Эргэж очоод уулзсан, 10-хан хормын үйл явдал л даа. Эргэж очоод хүний наймаанд өртсөн охинтой нь ярилцлаа. Зүрх шимшрэм дүр зураг байсан. Би шоконд орсон, шаналсан, эмнэлэгт хэвтсэн. Эндээс ойлгосон зүйл маань сэтгэц гэдэг зүйл тусдаа асуудал юм байна, тоохгүй өнгөрч болохгүй юм байна гэдэг ойлгосон. Асуудлаа ярилцах гаргах, бас дасгал хөдөлгөөн хийх нь стресс бухимдлаа тайлах энгийн аргууд шүү.

Techstars компанийн Ази, Номхон далайн бүсийн захирал Д.Бат-Октябрь:

Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг хамгийн анхаарах ёстой зүйл. Ханиад хүрчихвэл бид ямар их анхаардаг билээ. Яг үүн шиг л анхаарах ёстой зүйл. Үүнийг би олон улсын компанид ажиллаж байж мэдсэн. Хүн бүх  зүйлийг мэддэг байх албагүй. Мэддэггүй зүйл таарвал мэддэггүйгээ хэлээд л яв. Харин мэддэгээ хэлээд сэтгэлээ чөлөөлөөд яваарай. Өөрийгөө л ойлгох чухал. 

“Ялгуун” брендийн үүсгэн байгуулагч Н.Өлзиймаа:

Бизнес гэдэг үлгэр шиг амархан зүйл биш. Тэр хооронд асуудал гарна, дотооддоо зөрчилдөнө, яах гэж ингэж яваа юм бол гэж бодно. Тэр үед эргэлзээгээ тайлахын тулд ирээдүйгээ хардаг. Харилцааны явцад асуудал гарвал тухайн хүнийхээ оронд өөрийгөө тавьж үзэхийг хичээдэг юм.

“Тагтаа Паблишинг”-ийн хамтран байгуулагч Б.Баясгалан:

Өөрийгөө бусадтай бүү харьцуул.Тэр нь өөрөө сэтгэл зүйн хямралын шалтгаан болдог. Зүгээр л өөрийнхөө хамгийн чаддаг зүйлээ олж хийх нь аз жаргал юм. Магадгүй гутал засах ч байж болно. 

Зарим залуус таны номыг уншаад хэд хоног эморлоо гэдэг. Эсвэл тэрхүү номын гунигт хөтлөглөөд байдаг. Энэ нь өөрөө тухайн хүнд асуудал байна гэсэн үг. Ингэж хүндээр хүлээж авахгүйгээр надад байдаг асуудал бусдад ч байдгийг мэдчих, сэтгэлийн шаналал маань энэ талаараа адилхан гэдгийг анзаар. Ингэж өөрт байгаа зүйлээ суллаж чөлөөлөхөд уран зохиол тус дөхөм болдог. 


Өнөөдрийн арга хэмжээ дараах дөрвөн хэсгээс бүрдэх аж.

UNPLUG CONVERSATIONS - Асар тулгамдсан сэдэв, санаанд оромгүй зочидтойгоор

UNPLUG MARKETPLACE - 20+ онцгой компани/бүтээгдэхүүнтэй, шинэлэг хэлбэртэйгээр

UNPLUG UPDATES - Сэтгэл хөдлөм санаа/төслүүд, илүү том төлөвлөгөөтэйгөөр

UNPLUG AWARDS- Шилдэг санаачилга хэмээх шинэ номинацитайгаар