Аливаа зүйлийг эхлүүлэх амархан, ямар үр дүнд хүрч, хаа хүрээд дуусах нь чухал байдаг. Тэгвэл олон мянган хосын мухардсан харилцааг үзэж, туулсан хуульч нар танд туслахад бэлэн байна. 

1. “Чи хэзээ хамгийн сүүлд ах дүү, ээж, аавтайгаа ярьсан бэ?”

“Би болзоот хүнээ гэр бүлийнхэнтэйгээ хэр дотно болохыг ямар нэг аргаар заавал олж мэддэг. Гэр бүлийнхэнтэйгээ хэт дотно байснаас болоод олон гэр бүл салдаг. Гэр бүлийнхэн хэт дотно бол заавал нэгнийхээ харилцаанд оролцдог. Нэгэнт гэрлэж, өөр хүнтэй заяа тавилангаа холбосон бол тэр харилцаагаа гэр бүлээсээ тусдаа байлгах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр гэр бүлтэйгээ огт харилцаагүй байх нь зан аашийн доголдол, тогтвортой, удаан хугацааны харилцаа тогтоог чаддаггүйн шинж” - Пенсильванийн гэр бүлийн хуульч Карла Шифф Доннелли. 

2. “Чи аз жаргалтай төгсгөлд итгэдэг үү?”

“Ямар ч харилцаанд хоёр талын хүчин чармайлт, хичээл зүтгэл хэрэгтэй. Аз жаргалтай төгсгөл өөрөө ирдэг гэж итгэхээс цаашгүй хүн сайн хань болж чадахгүй” - Нью Йоркийн гэр бүлийн хуульч Кэтрин Эйзолд Миллер. 

3. “Чи гэрлэсэн үү?”

“Тоглоом хийгээгүй ээ, үнэхээр ингэж асуух хэрэгтэй. Тусдаа байгаа, гэрлэсэн гэвэл бүх зүйл дуусаагүй гэсэн үг. Салах ёстой зүйл бол түүний харилцаа биш, харин та хоёрын болзоо” - Жиоржиагийн гэр бүлийн хуульч Рэндалл Кэсслер. 

4. “Чи ажлынхаа юунд нь дуртай вэ?”

“Ажлынх нь талаар асуу. Хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байна уу? Тэмүүлэлтэй байна уу? Ажлаа олон сольдог юм байна уу? Эсвэл ажилтайгаа гэр бүл болчихоод ням гарагт ч амардаггүй юм уу. Ажилдаа санаа зовохгүйгээр 20 минут кино үзчихэж чаддаггүй юу? Бүгдийг нь асуу” - Калифорнийн гэр бүлийн хуульч Лиза Хэлфенд Мэйер.

5. “Сүүлчийн амралтаа хаана өнгөрөөсөн бэ?”

“Олж мэдэх ёстой зүйл бол хаашаа явсан нь биш ямар мөнгөөр амарсан нь шүү. Шууд ингэж асуултай нь биш, өөр хөнгөн зүйлээс эхэл. Сайхан газар луу аялсан бол “Пөөх тийм үү, их мөнгө гарсан байхдаа?” гээд үргэлжлүүлээрэй. Мөнгөө цуглуулаад өөртөө зарцуулсан уу, зээл тавиад явсан уу гэдгийг мэдэх нь эргээд танд хэрэгтэй. Өр зээл, мөнгөнд хэрхэн ханддаг нь харагдана. Мөнгө хосуудын харилцааг хүндрүүлдэг маш том хүчин зүйл болохоор тэр” - Массачусеттсийн гэр бүлийн хуульч Кэролин К. Ван Тинн. 

6. “Та өөрийгөө хэр нээлттэй хүн гэж боддог вэ?”

“Харилцах чадвар маш чухал. Гэрлэлтийг төгсгөлд хүргэсэн шалтгааны дийлэнх нь харилцаж чаддаггүйтэй холбоотой. Асуудал, шийдэх гарцаа хэлж ярьж чадахгүй явсаар нэг мэдэхэд давж дийлэхгүй олон асуудалтай болж, хосууд бие биенээсээ хэтэрхий холдсон байдаг. Салалтаас сэргийлэхийн тулд та болзоот хүнээ хэр нээлттэй, илэн далангүй, өөрийгөө илэрхийлж чаддагийг нь мэдэж ав” - Кэролин К. Ван Тин.

7. “Сүүлчийн харилцаа чинь яаж төгссөн бэ?”

“Би болзоот хүнийхээ сүүлчийн харилцаа нь хэрхэн төгссөнийг санаа зоволгүй асуудаг. Хэрэв бүх бурууг өөрөөсөө зайлуулбал ноотой. Өөрийнхөө бурууг ч хүлээн зөвшөөрч чаддаг хүн танд хэрэгтэй. Тийм хүмүүс шударга, даруу, хүнийхээ хувьд хөгжих чадвартай байдаг юм” - Карла Шифф Доннелли.

8. “Цаг хугацааг ухрааж болдог бол чи юуг өөрчлөх вэ?”

“Энэ асуултаас олон зүйл мэдэж болно. Жишээлбэл, “Би ээжээсээ хол амьдрах байсан” гэвэл муугийн дохио. “Би эмч, эсвэл жүжигчин болох байсан юм” гэвэл санаа зовох зүйлгүй. Эсвэл “Ахлах сургуулийнхаа найз охинтойгоо л суух байсан” гэж хариулбал улаан гэрлээ асаах хэрэгтэй” - Лиза Хэлфенд Мейер.