Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.43,   3.2.59 т заасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж Үндэсний урлагийн их театр болон музейн цогцолбор барих асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан.

Өнөөдөр тус ажлын хэсгийн ахлагч буюу  БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон холбогдох албаны хүмүүс театр болон музейн байгууламж барих боломжит байршлуудад очиж газар судаллаа.

Ажлын хэсгийн гишүүд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэршиж заншсанаар Хүүхдийн паркийн баруун урд хэсгийн 4 га талбай бүхий газарт Үндэсний их театр барих боломжтой гэж үзлээ. Энэ асуудлыг Засгийн газарт танилцуулах болно гэлээ.

Мөн Дүнжингарав худалдааны төвөөс зүүн зүгт байрлах газар болон Яармагийн урд хэсэг газарт музей барих боломжтой эсэхийг газар дээр нь үзэж танилцлаа.

Энэ ажлын хүрээнд Хотын захирагч С.Амарсайхан өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Үндэсний их театрыг соёл амралтын хүрээлэнгийн хашаан дотор барих асуудлыг судалж байна. Өнөөдөр хэд хэдэн байршилд газар үзлээ. Нөгөөх нь байгалийн болон археологийн музейг хаана барих вэ гэдэг чухал асуудал болоод байна. Барьж байгуулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаа бид ирээдүйн хот төлөвлөлтөндөө уялдуулж, сайн тооцож хийх нь зүйтэй гэж нийслэлийн зүгээс үзэж байна. Хаана байвал илүү иргэд, гадаад, дотоодын жуулчдад тохиромжтой байх, нөгөө талаас аялал жуулчлал хөгжих боломжийг нэмэгдүүлэх үүднээс газрыг сонгох нь зүйтэй. Нэг газар очоод бүх музейгээ үзэх боломжийг бүрдүүлэх цогцолборыг барихаар зорьж байна” гэв.

Мөн зарим АНН-үүд 20, 30 га газар авчихаад дуудлага худалдааныхаа үнийг төлөөгүй байж энэ газраасаа буцаагаад хүүхдийн сургууль, цэцэрлэгийн газар өгөхгүй асуудал үүсгээд байна. Тэгэхээр бид цаашид сургууль, цэцэрлэгийнхээ газрыг гаргаж авна. Хүүхдүүдийнхээ сурч боловсрох боломжийг бүрдүүлнэ. Газраа чөлөөлж өгөхгүй байсан ч хуулийн хүрээнд асуудлыг шийдэж газраа гаргаж авна гэдгээ Хотын захирагч хатуу анхаарууллаа.

Өнөөдрийн судалсан газруудыг Засгийн газар болон Ерөнхий сайдад танилцуулаад эцсийн байдлаар шинэ театр болон музей барих газрыг эцэслэн тогтооно гэдгийг албаны хүн хэллээ.