“Гадны улс орнуудад музейн үзмэр үзэж, уран зургийн галерейн сан хөмрөгтэй танилцах нь танин мэдэхүйн чухал аялалд багтдаг. Харин манайд соёл болж төлөвшөөгүйд харамсдаг. Эцэг эхчүүдэд хэлэхэд зав гаргаад ядахдаа амралтын өдрөөр ч болтугай хүүхэдтэйгээ хамт музей, галерей үзээрэй” гэж зураач Ө.Эрдэнэбулган хэлсэн юм. Тэрбээр Репиний нэрэмжит уран зургийн академийн дээд курсийг төгссөн, өдгөө Итали улсад Флоренцийн уран зургийн академид суралцаж буй. Эх орондоо түр ирээд байхад хүүхдэд урлагийг ойлгуулах нь сэдвээр ярилцсан юм.


Италийн музей, галерей амралтын өдрөөр хүүхдүүдийн хөлд дарагддаг, харин манайд эсрэгээрээ

Би хэсэг хугацаанд Монголын уран зургийн галерейн уран зураг, уран баримлын сан хөмрөгийн эрхлэгчээр ажилласан юм. Тэр үед манайханд галерей музейгээр зочилдог соёл хараахан тогтоогүйг анзаарсан. Ялангуяа гэр бүлээрээ музей, галерей үзэх соёл бараг алга. Гэтэл гадны улс орнуудад тусдаа нэг соёл болчихсон байдаг. Жишээ нь би амьдардаг хотынхоо Уффици, Питти Палаззог зорин очиж сор болсон уран бүтээлүүдийг дахин дахин үздэг юм.

Үзэх бүрт ялангуяа амралтын өдрүүдээр музей галерей нь олны хөлд дарагдчихсан байдаг. Тэр дундаа эцэг эхтэйгээ, ангиараа яваа хүүхдүүд маш олон тааралдана. Ийм орчинд багш нар нь сурагчдад хэлбэр дүрсийн талаарх хичээлийг сонирхолтой хэлбэрээр заадаг юм билээ. Жишээ нь дүрсүүд болон өнгөнүүд хоорондоо хэрхэн зохицдог, эсрэгцдэг талаар, ямар өнгө хоорондоо найрсдаг талаар зааж хоорондоо ярилцдаг. Ийм хэлбэрээр гоо зүйн боловсрол олгож шинэ үеийнхээ ирээдүйд хөрөнгө оруулж байна.

Бичлэг үзэх:

Уран зургийг хэрхэн ойлгох вэ?


Зарим хүмүүс надаас “Уран зургийг яаж ойлгох вэ” гэж асуудаг. Үнэндээ хүн болгонд мэдрэмж гэж төрмөл зүйл бий. Түүнийгээ л хүн усалж тордоход болно. Яагаад төрмөл вэ гэж үү.  Байгальд гарч салхи сэвэлзэж,  дэргэд цэцэгс найгаж, тээр уулын оройд нар жаргахыг харах хэчнээн сайхан билээ. Тэр мөчид хэн ч “Би яаж байгалийн сайхныг мэдрэх вэ” гэж хүнээс асуудаггүй биз дээ. 

Урлаг гэдэг яг тийм зүйл. Ямар нэг байдлаар хүний сэтгэлд сайхны мэдрэмжийг төрүүлдэг. Хүний сэтгэлийг хөдөлгөдөг дотоод хөдөлгөөний зүйл .

Зураач хүн ч гэсэн уран бүтээлээ хүмүүс яг ингэж л ойлгоосой гэж зурдаггүй. Өөрт нь сайхан мэдрэмж төрүүлж байгаа учраас л зурдаг. 

Хүмүүс яагаад хөрөг зургаа зуруулдаг юм бэ гэж надаас асуудаг. Хүний хийсвэрлэх оюун сэтгэлгээнд түүхэнд нэрээ үлдээх, дурсагдах хүсэл хэрэгцээ байдаг. Тэр далд хүслийг нь хөрөг зураг биелүүлдэг гэж би хардаг. Тиймээс гантиг чулуугаар, хөрөг зургаар гээд хүмүүс хэдэн мянган жилийн турш өөрийн дүрээ үлдээсээр ирсэн. Залуу нас, тухайн цаг мөчийг уран зурагт урлагийн бүтээл болгож авч үлдэнэ гэдэг гайхалтай.

Хүн бүр урлагийг, сайн сайхныг ойлгож мэдрэх мэдрэмжтэй.

Гэхдээ үүнийг аль болох багаас нь хөгжүүлэх нь оюун сэтгэлгээний хөгжилд онцгой эерэг нөлөөтэй. Үүнд нөлөөлөх гол хүмүүс нь мэдээж эцэг эхчүүд бид юм.  

Багаас нь урлагийг таниулж ойлгуулахад чиглэсэн зөв асуулт асууж ярилцаж байгаарай. Жишээ нь хүүхэдтэйгээ хамт үзэсгэлэн үзэхдээ тухайн уран зурагт дүрслэгдсэн хүмүүсийн сэтгэл зүйн төлөв байдал хүүхдэд хэрхэн мэдрэгдэж байгааг нь асууж байгаарай. Иймэрхүү хэлбэрээр хүүхдийн мэдрэмж, уран төсөөлөл, сэтгэлгээг нь хөгжүүлж болно. 


Галерей музей үзээгүй бол үнэ цэнтэй аялал биш

Jonas Heide Smith

Монголчууд маань сүүлийн үед гэр бүлээрээ гадаадын орноор нэлээд аялдаг болсон. Уран бүтээлчийн хувьд аяллын төлөвлөгөөндөө очсон газрынхаа ганц ч болтугай уран зургийн галерей, музейд заавал ороорой гэж хэлмээр санагддаг юм. Далайн эрэг дээр очиж, дэлгүүрт хэсэх гээд зугаатай зүйл олон ч аяллыг үнэ цэнтэй болгодог зүйлээ бүү орхигдуулаарай. Хүүхдээ дагуулаад музей, галерейд зочилж, соёлын үнэт өв бүтээлийг үзэж танилцуулах нь хүүхдэд насан туршид нь үл мартагдах танин мэдэхүйн туршлага болж үлддэг. Музейг зөвхөн тухайн уран бүтээлч, мэргэшсэн хүмүүс үздэг биш.  Бүх хүнд нээлттэй, бүгд үзэж таашаадаг зүйл гэдгийг хүүхдүүддээ нөлөөлж ойлгуулах хэрэгтэй. 

Гадны улс орнуудад урлагийн, шинжлэх ухааны анхан шатны суурь боловсролыг дүрслэх урлагаар дамжуулж өгч байгааг хараад цагаан атаархал төрнө. Яваандаа энэ чиглэлд ажил хийхийг ч хүсдэг.

Энэ бол зөвхөн уран зургийг л ойлгох тухай яриа биш юм. Психологи талын хүнийг ойлгох мэдрэмжийг хөгжүүлсэн сургалтууд музейд болж байгааг хараад монгол эцэг эхчүүдэд энэ бүхнийг хэлмээр санагддаг юм.  Урлаг мэдрэхийг сургадаг бол шинжлэх ухаан ойлгохыг сургадаг гэж би боддог.


Холбоотой мэдээлэл унших:

Мэдрэмжээ чагнах нь буюу уран зургийг ойлгох арга

М.Амина: Хөгжье л гэвэл сэтгэл зүрх, оюун ухаантайгаа тулж ажиллахаас аргагүй