Цэдэнбалын Цэрэндолгор
04 сарын 16, 2019
Урлаг судлаач М.Аминатай урлагийн боловсрол түүний ач холбогдол, үнэ цэнэ гэж юу болох талаар ярилцлаа. Тэрбээр Төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн зээ охин юм.
-Сүүлд “Мэсчин боол Спартакын түүх урлагт” сэдвээр лекц уншсан. Энэ талаараа ярилцлагаа эхлэх үү?
-Орчин үеийн хүмүүс хөл бөмбөг үздэг шиг Эртний Ромд бие биетэйгээ хүмүүс хэрхэн тулалдаж үхэж үрэгдэж буйг харж баясдаг байж л дээ. Нэг ёсны тоглоомын төрөл юм. Спартак хэмээх жирийн нэгэн мэсчин боол боолчлолын нийгмийн эсрэг бослого гаргасан тухай түүхийг урлагт янз бүрээр тусган харуулсан байдаг. Тиймээс энэ талаар хөндөж “Аминаас үнэтэй Эрх чөлөө” гэдэг лекц уншсан. Яагаад гэхээр Спартак бол мөнхийн эрх чөлөөний билэгдэл юм. Энэ түүхэн үйл явдлаар онгологдож маш олон зураач, зохиолч, хөгжмийн зохиолчид уран бүтээлээ туурьвисан.
-”Мэсчин боол Спартак”-ын юу нь илүү таны сонирхлыг татсан бэ?
-Миний бодлоор энэ зууны соёлт хүмүүс өөрсдийнхөө мөн чанарыг маш сайн нууж чадсан. Үнэндээ хэзээ ч өөрчлөгдөөгүй хэвээрээ. Бид нар одоо ч гэсэн мэсчин боолуудын тулааныг үзэхэд бэлэн байгаа гэж боддог. Зөвхөн өдөр тутмын амьдралдаа соёл иргэншил гэдэг зүйлээр үүнийгээ хэлбэр талаас нь нуучихсан хэрэг. Хэрэв нийгэм нь мэсчин боолуудын тулааныг үзэх нь зөв гэж хэлсэн бол бид үүнийг үзэх л болно. Үүний цаадах хүний мөн чанар руу ойртохын тулд энэ сэдвийг судалж барьж авсан.
-Энэ бол маш гүн гүнзгий сэдэв шүү. Ялангуяа нийгэм маань стресс ихтэй энэ үед?
-Яг үнэндээ урлагийг сонирхож судлаагүй учраас нийгэм маань ийм их стресс бухимдалтай байгаа хэрэг. Хэрэв урлагийг сонирхдог бол, материаллаг хэрэгцээгээ арай дээгүүр тавьдаггүй бол сэтгэлгээ задраад ирнэ. Сэтгэлгээ задарсны үндсэн дээр материаллаг хэрэгцээгээ хангаж болохуйц сайхан нийгмийн бүтээж чадна. Яагаад гэвэл нийгмийн хөгжлийн үндэс суурь нь хүний оюун сэтгэлгээнд л бий. Эргээд харахад социализмын үед маш олон төрлийн урлаг соёлын үйл ажиллагаа явагдаж байж. Харин бидний үеэс эхлээд урлагийн хүмүүжил, боловсрол гэдэг зүйл алдагдаж эхэлсэн гэж боддог. Энэ нь нийгмийн шилжилттэй холбоотой. Харин одоо эргээд оюунлаг хөгжлийг эрхэмлэдэг болж эхэлж байна. Энгийн жишээ гэхэд төлбөртэй лекцэнд сууна гэдэг оймс, гутал авахаас илүүтэй оюуны хэрэгцээндээ мөнгө зарцуулж байгаа хэрэг.
-Оюунлаг хэрэгцээ гэснээс зарим хүмүүс надад урлагийн мэдрэмж, авьяас байдаггүй гэдэг. Урлагийг ойлгож мэдэрнэ гэдэг өгөгдөл үү эсвэл хөгжүүлэх ёстой зүйл үү?
-Хэрвээ бид өмнөх үе шиг анги давхаргын ялгаатай нийгэмд амьдарч байсан бол энгийн тариачин эс бөгөөс малчин хүн өдөр тутмынхаа хоол ундны тухай бодсоор юун урлаг манатай гэх биз. Учир нь эрт дээр үед зөвхөн язгууртан сэхээтнүүдэд л Леонарда Да Винчи, Микеланжело нарыг ойлгох боловсрол эзэмшүүлдэг байсан. Харин бид анги давхаргын ялгаагүй ардчилсан нийгэмд амьдарч, бүгд боловсрол эзэмшиж байна. Ийм байгаа цагт урлаг ойлгодог, ойлгодоггүй салбарын хүмүүс гэж ялгаж ярих нь утгагүй. Хэрэв хүн өөрөө л энэ нийгмээ соён гэгээрүүлэе гэвэл, өөрийгөө өндөр боловсролтой гэж боддог л бол урлагийн наад захын мэдлэгтэй байх ёстой. Мэдлэг авах боломж нь бүрэн нээлттэй байна шүү дээ.
-Үүнд өөрөө хувь нэмрээ оруулж явна аа даа?
-Алт олчихоод нууж явсанаас тосгоныхондоо зориулж худаг барьчихвал бүгдээрээ тайван аж төрнө гэж боддог. Урлаг миний хувьд алт шиг зүйл. Нэгэнт би түүний сайн сайхныг олж мэдэрсэн юм чинь амиа бодоод байлгүй олон нийтэд хүргэе л гэж боддог.
-Өөрт чинь урлаг сонирхдоггүй найз нөхөд бий юу?
-Урлаг сонирхдоггүй найз нөхөд бий. Яг үнэндээ хүн урлагийг өнгөц ч гэсэн ойлгож мэдрээд ирэхээрээ түүнд өөрийн эрхгүй татагддаг гэдгийг мэднэ. Татагдахгүй байхын ч аргагүй салбар л даа.
-Урлаг өөрөө олон талын ач холбогдолтой. Баруунд гэхэд урлагаар эмчилдэг үйлчилгээ бий болсон гэж дуулсан?
-Үүнийг art therapy гэж хэлдэг. 1950-иад оны үед үүнийг Америк, Английн сэтгэл зүйчид урлагаар дамжуулж хүний далд ухамсартай шууд харилцаж анагааж болох юм байна гэдгийг олж нээсэн. art therapy нь орчин үед ялангуяа барууны орнуудад маш идэвхтэй дэлгэрч буй эмчилгээний төрөл. Энэ бол зураг зурах, хөгжим тоглох, сонсох зэрэг тусгай хөтөлбөрүүдтэй эмчилгээ юм. Хэрэв үүнийг Монголд нэвтрүүлвэл энэ их бухимдалтай нийгэмд маш хэрэгцээтэй зүйл болно гэж боддог. Хэрэв бид нийгмээ хөгжүүлье гэж бодож байгаа бол сэтгэл зүрх, оюун ухаантайгаа тулж ажиллахаас аргагүй.
-Энэ төрлийг эмчилгээг эм уухтай харьцуулбал хэр үр дүнтэй гэж үздэг вэ?
-Судалгаагаар эм ууж эмчлэхээс илүү үр дүнтэй гэдэг нь батлагдсан. Учир нь бие махбодитой биш сэтгэл зүйтэй харилцаж байгаа учраас.
-Ингэхээр л багаас нь урлагийн боловсрол гэдэг зүйлийг өгөхөөс эхлэх нь ээ. Үүний суурийг нь яаж тавих ёстой юм бол?
-Мэдээж багаас нь л эхлэх чухал. Энэ бол тусдаа маш гоё сэдэв. Эцэг эхчүүдэд хэлэхэд амралтын өдрөө аль нэг завтай цагтаа хүүхэдтэйгээ музей галерей ороорой. Та хүүхэддээ тэр бүхнийг өнгө будаг, зохиомж гэх мэт мэргэжлийн үүднээс тайлбарлах хэрэггүй. Зүгээр л харж байгаа зүйлээ, түүнээс төрсөн мэдрэмжээ ярьж тайлбарлаж өгөх нь чухал. Энэ нь хүүхдийг багаасаа урлагийг ойлгох гэж оролддог бүтээлч сэтгэхүйтэй болгодог.
Томчууд бидэнд хүүхэд байх боломж хүүхэд төрүүлсэний дараа л олддог шүү дээ. Хэрэв насанд хүрсэн хүн ганцаараа барби тоглоод байвал хүмүүс яаж харах бол.(инээв) Харин хүүхэдтэйгээ тоглож байвал сайн аав ээж л болж харагдана. Үүн шиг хүүхэдтэйгээ цуг урлагийг эхнээс нь сонирхож, дурлаж суралцаж болно.
Гол нь хэт удааж залхааж болохгүй, балет үзүүллээ гэхэд 20 минут л байхад хангалттай.
-Цав цагаан цаасан дээр цацсан будаг, ингээд л урлагийн бүтээл гэдэг. Энэ мэтчилэн орчин үеийн урлагийн төрлүүд салбарлаж хөгжиж байна. Үүнийг та хэрхэн хардаг вэ?
-Энэ бол өөрийн гэсэн маш нарийн тэмдэг тэмдэглэгээтэй, тусдаа хэллэгтэй урлаг. Үүнийг ойлгохын тулд уламжлалт урлагаа бүгдийг нь мэддэг байх ёстой. Ингэж байж уламжлалт урлагийг хэрхэн эвдсэн бас хэрхэн өөрчлөгдсөн эсэхийг нь олж харна. Үнэндээ орчин үеийн урлагийг харсан хүн болгон шууд ойлгоход амар зүйл биш. Би гэхэд энэ төрлийн урлагт шунан дурлагч биш л дээ. Гэхдээ энэ их техникжсэн эрин зуунд орчин үеийн урлаг гарч ирэхээс өөр аргагүй урлагийн төрөл, бидний сэтгэл зүрхний толь гэж хэлж болно.
-Урлагийн ач холбогдол зөвхөн оюун сэтгэлгээгээр хязгаарлахгүй гэж өмнө ярьж байсан. Үүнтэй холбоотой сонирхолтой зүйлийг манай уншигчдад хуваалцаж болох уу?
-Хүмүүс сонирхолтой түүхээр дамжуулж урлагт татагддаг гэж боддог. Үүгээрээ дамжуулж урлагийн нөлөө ач холбогдлыг ойлгуулахыг хүсдэг. Жишээ нь урлагаар дамжуулж зөнөлтөөс сэргийлэх боломжтой юм билээ. АНУ-ын судлаачид, Эйнштейны нэрэмжит анагаахын коллеж хамтраад ахмад настнуудын дунд 20-иод жил судалгаа хийсэн байдаг. Тэд ахмадуудын нэг хэсгийг нь дугуй унуулж, усан спортоор хичээллүүлэхэд бие организмд нь эерэг үзүүлэлт гаргасан боловч тархины үйл ажилллагаанд нөлөө үзүүлээгүй. Харин ном уншуулахад зөнөлтөөс 35 орчим хувь, үгийн сүлжээ бөглүүлэхэд 46 хувь хамгаалах чадвартай нь тогтоогдсон байдаг. Гэтэл хамгийн сонирхолтой нь бүжгээр хичээллэх нь зөнөлтөөс 75 хувь хамгаалж чадна гэдэг нь батлагдсан. Тэгэхээр урлагийн хүч гэдэг зүйл эндээс харагдаж байгаа биз. Бүр сонирхолтой бас нэг баримт бий.
Саяхан Италид сүмийн оройн тааз, хана туурганы зураг үзүүлэх үзэх аялал зохион байгуулахдаа хүмүүсийг туршилтанд оруулжээ. Сүмийн орой хүртэл 200 шаттай. Дээшээ гарахаас өмнө 100 хүний шүлсээс шинжилгээ авч, эрүүл мэндийг нь хянасан байдаг. Ингээд тэрхүү зургийг үзэж бууж ирснийх нь дараа шинжилгээ авахад эрүүл мэндийн байдал нь хамаагүй сайжирсан байсан талаар уншсан. Тэгэхээр урлагийн бүтээл дан ганц хүний зүрх сэтгэл дүүргээд зогсохгүй, бидний тархи болон бие физиологид ч эерэгээр нөлөөлж чаддаг нь харагдаж байгаа биз.
-Хамгийн ярих дуртай урлагийн түүхээсээ хуваалцаач?
-Яагаад ч юм бэ Микеланжелогийн амьдрал уран бүтээл миний сонирхлыг их татдаг. Тэр 20 насандаа “Би хайран он жилүүдээ зураг зурж өнгөрөөжээ, барималч хүн байжээ” гэж уулга алдсан байдаг. Баримлаа хийхдээ үнэн голоосоо дуртай, бүтээл хийх чулуугаа тэвэрч үнсдэг байсан гэдэг. Уран бүтээл хийхдээ хоол идэх, усанд орох гээд бүх зүйлээ умартаж ахуйгаас тасарч шунан дурладаг зантай хүн байсан. Тухайн үед урлагийн ивээн тэтгэгч нар нь хамба лам нар байсан учраас түүнд 2-дугаар Юлий хамба лам санал тавьсан байдаг. Яагаад гэвэл түүнийг суутан гэдэгт итгэсэн учраас. Юлий өөрөө хамба лам гэхээсээ дайн тулаанч хүн байж. Зөвхөн түүнээс Сикстины дуганы хана таазыг зуруулах гэж маш олон жил түүний хойноос хөөцөлджээ. Харин Микеланжело би зураач биш барималч гээд зугатаадаг байсан гэдэг. Тэр хамба лам хотуудыг дайлаар мордох болгонд нь өөр хот руу зугатаж явжээ. Эцэст нь тэр би хотоос хот руу зугатаад байвал Италид амьд хот үлдэхгүй нь гээд саналыг хүлээн авсан байдаг. Тэр нь одоо хүртэл католик шашинтнуудын шинэ хамба ламаа сонгодог алдарт Сикстины дуганы хана таазны зураг юм.
Бид нарын мэдэхээр “Нокиа” утасны билэг тэмдэг хоёр гар байдаг нь энэ дуганы зурагны нэг хэсэг л дээ. Энэ мэтчилэн урлагийн түүх одоо ч гэсэн бид нарын дунд ирсэн байдаг.
-Урлаг өөрөө амьд үлдэхийн тулд түүнийг ойлгодог ивээн тэтгэдэг хүмүүс чухал байдаг...?
-Урьд нийгэмд мөнгөө хэрхэн яаж ухаалаг зарахаа мэддэг хүмүүс зөндөө байж. Тэдний нэг нь Третьяков хэмээх орос худалдаачин. Тэр Оросын хэдэн үе зураачдын уран зургийг худалдан авч тэжээсэн байдаг. Тэр бүтээлүүдээр нь бүтсэн галерей одоо Москвад бий. Энэ алдартай галерейг үзэх гэж үй түмэн жуулчид очиж байна.
-Монголын баячууд сэхээтнүүд урлаг хэр ээлтэй хандаж байна вэ?
-Магадгүй нэр цохож хэлбэл цөөхөн хэдэн хүн бий. Тэд нар зураачдаа дэмжээд явж байна.
-Үнэ цэнийг нь ойлгохгүй байна гэж үү?
-Одоохондоо үүнийг ойлгох ухамсар соёл иргэншил нь хараахан бүрдээгүй байгаагийн шинж байх. Бид iphone, ферари гэдэг зүйлсийг дөнгөж л харж байна, суурин соёл иргэншилд шилжээд 100 жил ч болоогүй ард түмэн.
-Орчин үеийн урлаг хаашаа явж байна вэ?
-Хүн төрөлхтөн юуны төлөө амьдраад байгаагаа мэдэхээ больчихсон ийм үед байна. Урлаг хүнээс тусдаа зүйл биш, сэтгэлийн толь учраас. Үүнийгээ дагаад урлаг бас л гацаанд орчихсон байж мэдэх юм. Гэхдээ бидэнд найдвар бий. Бүх зүйл бидний гарт бий.
-Ингэхэд танайхан удмаараа зураач, урчууд байдаг. Өөрөө яагаад зурахаас илүү урлаг судлаачаар ажиллахаар шийдсэн юм бэ?
-Урлаг судлаач болох түүх минь сонин л доо. Ээж аав, эмээ өвөө маань удмаараа зураач. Хоёр дүү маань бас л уран бүтээлч. Энэ гэр бүлд ганц зурдаггүй хүн нь би л дээ. Би багын л урлагийн түүх сонирхдог байлаа. Харин зурна гэж дурлаагүй. Тийм учраас багадаа хуульч, санхүүч болно гэж болно гэж мөрөөдөж байсан. Гэр бүлийнхэн маань ч уран бүтээлч хүмүүс болохоор намайг барьж заавал зураач бол гэж тулгаагүй. Гэтэл цаанаасаа урлагийн салбар намайг цаанаасаа татчихсан. Ингээд л урлаг судлаач болсон доо. Ү.Ядамсүрэн өвөө маань намайг төрөхөөс 5 жилийн өмнө насбарсан юм. Одоо бид нарын дунд байхгүй ч өвөөгийн хүмүүжил, үзэл бодол манай гэр бүлийн дунд үлдсэн.
Сэтгэгдэл бичих (8)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.