Тогтохбаярын Ариунзаяа
03 сарын 18, 2025
“Төсөөлснөөс өөр” номын зохиогч, хувь хүний хөгжлийн көүч А.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.
А.Болор-Эрдэнэ нь хувь хүний хөгжлийн дасгалжуулагч, Олон улсын нейро семантик холбоо, Австрали дахь нейро семантик холбооны анхны монгол гишүүн юм. Тиймээс түүх бүрийн цаана гадаад улсыг зорихоор шийдсэн эсвэл хэдийн хилийн дээс алхсан хүмүүст туслах гарц гаргалгаа, төлөвлөж зорьсондоо хүрэхэд тань туслах зөвлөгөө, шийдлүүдийг харамгүй хуваалцжээ.
Чемодан дүүрэн хувцсаа биш, сэтгэл зүйгээ анхаарч бэлдэхийн учир
“Гадагшаа л явж байвал хаашаа ч явсан яах вэ”, “Виз л гарчихвал Монголоос л явъя” гэсэн бодолтой залуус цөөнгүй болжээ. Тэгсэн хэр нь тухайн орондоо очоод юу хийхээ, яаж амьдрахаа ерөөсөө бодож тооцоолдоггүй, сэтгэл хөдлөлөөр голдуу ханддаг.
Виз гараад яг явах дөхөхөөр л “Юу бэлдэж явах вэ, чухам юу хэрэг болох бол” гээд хэрэглээний зүйлсдээ л анхаараад бэлдээд байдаг. Цүнх сав дүүрэн хувцаснаас илүү чухалчлан бэлдэх ёстой зүйл бол сэтгэл зүй шүү дээ. “Би ямар хэцүү нөхцөл байдалд, ямар зүйл дээр шантардаг билээ?” “Амаргүй үеийг, асуудлыг давж гарах сэтгэлийн тэнхээтэй байж чадах уу?” зэрэг асуултыг өөртөө тавьж өөртэйгөө ярилцаж, сэтгэл зүйгээ бэлдэх хамгийн чухал. Тиймдээ ч гадаад орон руу явсан ч удалгүй шантарч няцаад эргээд ирдэг хүн цөөнгүй.
“Яав л гэж хүн бүхэн явж байна болох л байлгүй” гэж олон хүн боддог ч хүн л хойно шинэ орчинд очихоороо эхлээд сэтгэл зүйгээрээ хямардаг.
“Би юу хийчих вэ, шал дэмий юм хийлээ, энэ орон миний бодсоноос өөр байжээ, би ийм гэж төсөөлөөгүй” гэсэн бодлуудтайгаа нүүр тулах хэрэг гардгийг гадаадад олон жил амьдарч, тэдгээр хүмүүстэй ажиллаж зөвлөгөө өгч байсны хувьд анзаарч харж, зөвлөж явлаа. Иймээс эх орноосоо явах шийдвэр гаргасан бол эхлээд сэтгэл зүйгээ л бэлдэхийг чухалчлан зөвлөе.
Орчинд нь очоод хэл сурчихна гэж үү?
Орчин үед очих гэж байгаа газрынхаа, сурахаар судалж буй сургуулийнхаа талаарх мэдээллийг бүрэн мэдэх боломжтой болчихсон. Харин очсоныхоо дараах тулгарах асуудлыг барагтай л тооцоолдоггүй.
Би өөрөө ч мэдээлэлгүй шахам Австрали руу явж байлаа. Очоод л соёлын шокт орсон доо. Хэлний мэдлэг дулимгаас ажил олдохгүй, олдсон ч хамгийн муу нөхцөлтэй хүнд ажлыг хийнэ, мэдээж ийм ажлаас хамгийн бага цалин авах нь тодорхой.
Анх зочид буудлын цэвэрлэгч хийж байлаа. Нэг өрөөг 30 минут цэвэрлэх ёстой байхад би 3 цаг цэвэрлэсэн гээч. Тухайн үедээ хэлээ сураад, түвшнийг нь ахиулаад ирэхгүй яав дээ гэж өөрийгөө буруутгаж, шаналж байлаа.
Хэл усгүйгээсээ болж хүний нутагт гар мухардаж яах аргаа ч олохгүй яваа олон хүнтэй ч уулзсан.
Иймэрхүү асуудлыг харийн оронд амьдарч буй монголчууд бишгүй л амсаж яваа. Гол нь үүнийг давж гарах сэтгэлийн тэнхээтэй байгаасай гэсэндээ “Төсөөлснөөс өөр” номоо бичсэн. Энэ хүний нутагт ажиллаж амьдарч буй монголчуудын түүх, мэдрэмж, гашуун туршлага дээр суурилан бичсэн үнэн түүхүүд юм.
Хүсээгүй мэргэжлээрээ сурахын хүндрэл
Хүний нутгийг зорьж буй хүн бүхэн л өөрийн гэсэн зорилго, мөрөөдөл өвөртөлж очдог. Гэхдээ тэр зам дардан биш, төсөөлснөөс өөр нөхцөл байдалтай нүүр тулах нь гарцаагүй.“Больё больё, буцаад явъя” гээд бууж өгөөд нутаг буцчихмаар хүндхэн өдрүүдийг та хэрхэн туулахаа мэдэж байгаа юу?
Тэр үед л бууж өгч, ухарч, шантрахгүйн тулд яах ёстойг, ямар аргаар давж гарч болдгийг, хэцүү нөхцөл байдал үүсвэл яах ёстойгоо бодчихсон, мэдлэг мэдээлэлтэй хүн асуудлаа амархан даван туулдаг.
Үнэхээр хүсэж зориогүй мэргэжлээрээ суралцаж яваа хүмүүс ийм асуудалд амархан бууж өгдөг юм билээ.
Харин үнэхээр л өөрийнхөө хүссэн мэргэжлээ эзэмшихээр сурч яваа эдгээр хүнд өдрийг даваад л гардаг. Иймээс гадаадад суралцахаар явах гэж байгаа хэн бүхэн эхлээд өөрийн зорилгоо тодорхойлох ёстой.
Гадаадад сурч, ажиллаж, амьдрахаар төлөвлөж байгаа залуустаа энэ мэт асуудал, эрсдэлүүд, саад бэрхшээлийг даван туулахад нь туслах үүднээс “Төсөөлснөөс өөр” номоо бичсэн.
Өөрт тохиолдох сэтгэл зүйн асуудлуудыг даван туулахад нэмэр, тус, урам болно гэж итгэж байна. Хэдийгээр хөгжсөн оронд очиж хүний олны дунд хөл нийлүүлэн алхаж яваа ч үндсэн зорилго мөрөөдлөө замын дунд гээхгүйн тулд өөрөө өөртэйгөө ажиллах өгөөжтэй дасгалуудыг ч багтаасан.
Жишээ тус бүрийн доор бүтээлч асуулт, нөхөрсөг зөвлөгөө, бяцхан тооцооллыг оруулсан нь гадагшаа явж байгаа хэн бүхэнд өөрөө өөртэйгөө ажиллах, анзаарч хараагүй зүйлээ олж харах боломжийг олгосон.
Та, таны үр хүүхэд, танил тань гадаадад ажиллаж, сурахаар төлөвлөж байгаа бол хамгийн бодит зөвлөгөөг эндээс уншиж мэдэх болно.
“Төсөөлснөөс өөр” номын хэсгээс…
"Хүсэж зорьж байсан гадаад улсдаа очоод, шинэ амьдралын хэв маягтаа дасах гэж хичээх зуураа өөрөө өөрөөсөө "Би юу хийчхэв ээ" асуусан олон хүн бий. Энэ эргэлзээ нь шинэ орчинд дасан зохицож даваад гарах уу эсвэл зорьсноосоо буцаж өөр зам сонгох уу гэдгээ шийдэх нэн эгзэгтэй үе юм. Би ч бас Австрали улсад сурч ажиллаж, амьдрахдаа энэ байтугай асуудал сорилт бэрхшээлийг даваад гарсан залуусын нэг. Энэ улсад байхдаа “International Society of Neuro-Semantic” холбооны анхны монгол гишүүн болж, хувь хүний хөгжлийн дасгалжуулагчаар суралцаж төгссөн. Миний хувьд анх эх орноосоо явахдаа дийлэнх хүмүүсийн л нэгэн адил “Яаж ийгээд гадагшаа явсан байхад учир нь олдоно” гэж бодож зорьсон. Гэвч өмнө нь огт төсөөлөөгүй орчинд орчхоод яахаа ч мэдэхгүй самгардах үетэй бишгүй л таарсан. Тэнд танилцсан найз нөхөд, танилуудаасаа ч тэр төсөөлснөөс нь тэс өөр орчин нөхцөл угтсан гэж ярихыг зөндөө сонсож байлаа. Энэ бол хүний нутгийг зорьж байгаа.
Монголчуудын маань аливаа эрсдэлийг дутуу тооцоолдог, сэтгэл зүйн бэлтгэлгүй, бодит мэдээлэл дутмагийн илрэл юм. Магадгүй та, таны үр хүүхэд, танил тань гадаадад ажиллаж, сурахаар төлөвлөж байгаа бол юунд анхаарвал чухал вэ гэдгийг эндээс уншиж мэдээсэй гэж хүсэж байна.Мэдээж олны дунд сайнтай муутай, чадсан чадаагүй олон янзын л хүн бий. Тэр дунд “Ёстой мундаг, даваад гарчихлаа” гэж өмнөөс нь баярлаж, үлгэр дуурайлал авах хүн олон таардаг. Анзаарвал ихэнх нь очсон газар орноо судалсан, бие сэтгэл зүйн бэлтгэлтэй хүмүүс байх юм билээ.Энэхүү номоо шинэ ертөнцөд хөл тавьж буй таныг амьдралынхаа нэгэн аяллаа амжилттай эхлүүлж “Би чадлаа” гэж бахархалтайгаар хэлэх олон залуусын нэг байгаасай гэж хүссэндээ чин сэтгэлийн угаас бичлээ. Гадаад улсыг зорихоосоо өмнө, эсвэл хэдийн хилийн дээс алхсан танд энэхүү ном бага ч болтугай гарц гаргалгаа болж, санаж зорьсондоо хүрэхэд тусална гэдэгт найдаж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.