Түгшүүрт автуулах мөртлөө улангасан унших сэдэл төрүүлэх "Сүрчиг"

Патрик Зюскинд "Сүрчиг: Нэгэн алуурчны цадиг" номын тэмдэглэл...

"Сүрчиг ~Алчуурчны түүх" нэртэй кино 2006 онд дэлгэцнээ гарсан даруйдаа шуугиан тарьж, өдгөө ч үзэгчдийг шимтүүлдэг зэвүүн киноны нэг билээ. Зохиолын баатар Грунейн дотоод ертөнцийг бүрэн таньж мэдье гэвэл зохиолы нь уншихаас өөр аргагүй. Дүрсээр үзүүлэх боломжгүй хувь хүний зөрчилтэй дүр төрх, сэрэл мэдрэмжийг зохиол бүрэн таниулна. Груней бол төрөхөөсөө л хувь заяа нь золгүйгээр эргэсэн, "хүний үнэр"-гүй ч  үнэрлэх гоц авьяас, мэдрэмжтэй нэгэн. 

Хорвоо ертөнцийн түмэн үнэрийг гоц ялгаж таньдаг, үнэрт дурладаг, үнэртэн бүтээх эгэлгүй авьяас билигтэй түүний дотор ямар ад зэтгэр нуугдаж байгааг хэн ч тааварлахгүй. Хорвоо анхнаасаа түүнийг гадуурхаж, үхүүлэхийг хүссэн ч балчир хүү хүнд хэцүү сорилыг ид шидийн гэмээр хүчээр давж гарчээ. Парис хотын дампуурч буй үнэртний пүүсийн эзэн Бальдини түүний гоц авьяас чадварын хүчээр  Францад төдийгүй, Европод алдартай үнэртэн үйлдвэрлэгч болж хагартлаа баяжсан ч  Грунейг бушуухан нүднээсээ далд оруулахыг хүснэ. 

Үйлийн үр боловсорч Бальдини хэрхэн сүйрч ор мөргүй алга болохоо яахин мэдэх билээ. Груней ямар нэгэн томьёо, жор ашиглахгүй цэвэр төрөлх авьяас, зөн мэдрэмжинд тулгуурлан үнэртэн бүтээх учир дахин давтагдашгүй гайхамшиг нь тэр юм. Гэвч Груней бурхны бэлэг энэ гоц авьяас чадвараа ашиглан нэр алдарт хүрч, баяжиж хөлжихийг хүссэнгүй. Төгс төгөлдөр үнэр бүтээх эрэл хайгуулд гарчээ. Түүний ертөнц бол үнэрийн ертөнц. Үнэртэн нэрэх, үйлдвэрлэх аргаар алдартай Грасс хотод үс зүс сайтай онгон охид бүсгүйчүүдийг хөнөөдөг аймшигт цуврал аллага гарах болов. Үл мэдэгдэх гаж донтон хотыг айдаст автуулав.

Онгод охидыг хүчирхийлсэн шинж тэмдэг байхгүй, зөвхөн өмсөн хувцас, үсий нь мулзалж оддог тэр гаж донтоны цаад зорилго таахын аргагүй, сүнс сүүдэр шиг ор мөргүй алга болно. Хар багаасаа хайр үзээгүй, бусдад ад үзэгдэж өссөн хувь тавилантайгаа эвлэрсэн Груней өөрийн бүтээсэн үнэрийн ертөнцдөө мансуурч, зовлон шаналлаа дотроо нууж, хүмүүсийг үзэн ядаж явдагийг хэн ч мэдэхгүй. Байгалийн ургамал бодисоор найруулсан зохиомол үнэрээс гоо сайхны охин тэнгэр онгон бүсгүйн үнэр төгс төгөлдөр болохыг мэдэрсэн цагаас  хойш тэр таашаал төрүүлэгч үнэрийг насан турш өөрийн болгож мансуурахыг хүсчээ. 

Түүний зорилго нь хүмүүсийг төгс үнэрээр мансууруулж хөл дороо сөхрүүлэх. Өш хонзонгоо тайлах, өөрийгөө мэдрүүлэх хамгийн сайхан таашаал тэр. Өөрийг нь хүн гэж үзээгүй гадуурхсны хариуг ингэж авах аж.

Сэтгэлзүйн триллер уг зохиол биднээс өөр "гаж" "гоц" хүний дотоод сэтгэлийг урнаар нээж, айдас хүйдэс, далд түгшүүрт автуулах мөртлөө улангасан унших сэдэл төрүүлэх нь гайхалтай. Хайраар амтлаагүй хүний сэтгэл хүйтэн цэвдэг, бодол сэтгэхүй нь харгис хэрцгий болдогийг мэдрүүллээ. Өөрийг нь ад үзсэн амьдралаас, хүмүүсээс өшөөгөө авч чадсан түүнд зүүдний ертөнцдөө үүрд мансууран жаргахаас өөр хүсэх зүйл үгүй. Бусдаас өвөрмөц, гоц авьяас билигтэй төрсөн ч түүнийг чөтгөр шулмын хүч шингэсэн мэтээр бодох болхи хүмүүс хувь заяаг нь буруу тийш эргүүлж намаг балчигт шиджээ. Харин төрөлх мөн чанар нь нугаршгүй хатуу хүү авьяас чадвараа буг чөтгөрийн хүч болгон хувиргажээ. Дэлгэцнээс дүрсээр үзэх, ой ухаандаа төсөөлөн  унших хоёрын зааг ялгаа , амт шимт, таашаал мэдрэмж нь тэс өөр юм даа.

Холбоотой сэдвүүд

ном сүрчиг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.