Өсөлтийн сэтгэлгээтэй эсэхээ мэдэх амархан. Хэрвээ хүн өөрөө хичээвэл оюун ухаан, авьяас чадваруудаа бүрэн хөгжүүлж чадна гэсэн үзэл хандлагатай бол та амьдралынхаа туршид суралцах хүсэл эрмэлзэлтэй хүн юм байна.

Глобал стратегийн удирдлагын институтийн захирал, стратегийн зөвлөх Ц.Оюунжаргалтай өсөлтийн сэтгэлгээний талаар ярилцсанаа тоймлон хүргэж байна.

# Өсөлтийн сэтгэлгээг өсөх насанд нь суулгадаг

"Миний хүү хамгийн супер, мундаг нь бас угаасаа ухаантай" гэж та хүүхдэдээ хэлж байсан уу. 

Хэрвээ энэ төрлийн магтаалыг хэт их хэлдэг, сав л хийвэл хийснийг нь хөөргөж дөвийлгөдөг бол хүүхдийн сэтгэлгээнд сөргөөр нөлөөлдөг. Ингэж хэт нялуун магтаал сонсож өссөн хүүхэд ажил дээр гараад мөн л өнөөх үгсээ сонсохыг хүснэ. Гэтэл амьдралын зам тэгш дардан биш. Алдаж онох үе гарна шүү дээ, ажил дээр асуудал гарна, бүтэлгүйтнэ. 

Бүх зүйл дээр магтуулж өссөн хүүхэд ажлын байр дээр шантрамтгай, асуудал гарвал амархан бууж өгдөг, тууштай бус ажилтан болдог. Учир нь сэтгэл зүйдээ өөрийгөө хамгийн мундаг нь гэсэн хэвшмэл сэтгэлгээг суулгасан гэсэн үг.  Өөрийгөө өөгүй, дутагдалгүй хүн гээд итгэчихдэг, бусдыгаа сонсож чаддаггүй, бүтэлгүйтвэл өвдгөө гөвөн босож ирэх бус асуудлаас халширч ахиад өөр зүйлийг эхлүүлдэг.

Эсвэл "Би хамгийн мундаг байж л бусдадаа хүлээн зөвшөөрөгдөх юм байна" гэсэн бодол далд ухамсарт нь суудаг. Ийм хүмүүс хөгжлөөс хоцрогдож, өөрийн авьяас чадвараа ашиглаж хөгжүүлж чаддаггүй.

Бүтэлгүйтлээсээ суралцаж аливааг танин мэддэггүй нь хамгийн гол алдаа нь. Энэ нь хувь хүний хөгжлийн дайсан л гэсэн үг.

Харин хүүхдэдээ бодит үнэлгээ өгч магтдаг, бүтэлгүйтэж алдаа гаргасан ч ахиад үргэлжлүүлэн хийдэг, сурахыг эрмэлздэг хандлагатай болгон төлөвшүүлсэн бол өсөлтийн сэтгэлгээтэй хүн болж төлөвшдөг. Ийм сэтгэлгээтэй хүмүүс оюун ухаан, ур чадварыг хөгжүүлж болно гэж итгэдэг байна. 

Өсөлтийн сэтгэлгээтэй хүн асуудлыг, шүүмжлэлийг өсөн дэвжих, хөгжих боломж гэж хардаг. Тэр хэрээрээ тасралтгүй суралцаж, бэрхшээлийг даван туулж чаддаг. 

Үүнийг уншаад та хүүхдээ магтаж болохгүй нь гэж ойлгоогүй гэж найдаж байна. Энэ бол хүүхдээ зөв магтан урамшуулах тухай яриа юм шүү. Жишээ нь таны хүүхэд амжилт гаргавал "Чи хамгийн мундаг нь" гэж хэлэхийн оронд "Чи энэ тэмцээндээ түрүүлэхийн тулд маш их хичээл зүтгэл гаргасан" гэж хэлж өсөлтийг сэтгэлгээг нь багаас нь зөв хөгжүүлэх юм. Магтахдаа зөв үгээ л сонгох нь чухал байгаа биз.

Үүнийг Стэнфордын их сургуулийн судлаачид 30 гаруй жилийн судалгаагаар судлаад баталчихсан, баруунд боловсролын системд хүүхдэд багаас нь өсөлтийн буюу тасралтгүй суралцах сэтгэлгээг суулгаж хэрэгжүүлж байна. 


# Насан туршдаа тасралтгүй суралцахыг эрмэлзэх нь өсөлтийн сэтгэлгээ юм

"...40 нас гарчихлаа, миний сурах гэж дээ, залуучуудад л заагаарай, эсвэл би тэтгэвэрт гарах дөхчихсөн, сураад ч яах билээ..." Компаниудтай хамтарч ажиллаж байхад иймэрхүү үгсийг цөөнгүй сонсож байлаа.  Ингэж хэвшмэл сэтгэлгээгээр өөрийгөө хүлэх нь олон зүйлээс өөрийгөө хойш татдаг.

Энэ бол насан туршдаа суралцахын үнэ цэнийг ойлгоогүй, суралцахыг эрмэлздэггүй, өсөлтийн сэтгэлгээгүй хүний шинж.  

Өмнө нь мундаг нь байсан ч гэсэн өөртөө сэтгэл ханаад зогсож үл болно. Учир нь суралцана гэдэг хэзээ ч зогсдоггүй, тасралтгүй процесс юм. Амжилтад хүрээд зогсдог үйл явц биш. Сур сур бас дахин сур гэдэг байх аа.  


# Бүтэлгүйтсэн ч дахин оролдож үзсэн үү?

Бизнес эрхлэгчдийн 95 хувь нь эхний 5 жилдээ дампуурдаг, гарааны бизнес эрхлэгч 10 компанийн 8 нь бүтэлгүйтдэг гэсэн судалгаа байдаг. Энд тэндэхийн уулзалт дээр ийм бизнес хийж үзсэн гэж ярьдаг хүмүүстэй ч цөөнгүй таарсан. Одоо юу хийж байна вэ гэхээр "Би ч бизнес хийж чадахгүй юм билээ. Мөрөөрөө л ажлаа хийгээд явж байя" гэдэг. Нэг удаа алдаад чадахгүй гэж бодож байгаа нь өөрөө асуудал бэрхшээлээс зугтаадаг, амархан бууж өгдөг хэвшмэл сэтгэлгээтэйгийнх. 

Уг нь бэрхшээл, алдаа ч бас суралцах процессийн нэг хэсэг юм. 

Суралцах үйл явц нь өөрөө адармаатай бөгөөд хүнээс асар их тэсвэр тэвчээр шаарддаг. Хүн өөрөө өөртөө том зорилго тавиад түүндээ алхам алхмаар ойртож байвал тэр хэмжээгээрээ сэтгэл хангалуун амьдардаг.


# "Хүнд муугаа л үзүүлэхгүй...." Та ингэж боддог бол өсөж дэвжихгүй

"Хүнд муугаа үзүүлэхгүй" гэдэг бол таныг, танай компанийг өсөлтөөс хойшоо чангаана. Орчин үеийн хүн, компаниуд асуудалд ингэж хандах нь маш буруу ойлголт юм.

Хүн төгс төгөлдөр биш. Хэрвээ асуудал гаргасан бол түүнийгээ нуугаад өнгөрөх биш сайжруулахын засаж залруулах сэтгэлгээтэй байх хэрэгтэй.  Ингэж чаддаггүй нь өнөөгийн нийгмийн бүх асуудлын шалтгаан гэж би хардаг.

Компаниуд дээр ч бас энэ хандлага ажиглагддаг. Хэвшмэл сэтгэлгээтэй компаниуд бид хамгийн мундаг нь, ийм тийм амжилт гаргасан гэж ярьдаг. Хүрсэн амжилтдаа ханачихсан мэт, цаашид өсөн хөгжих хүсэлгүй мэт харагдана.

Гэтэл өсөлтийн сэтгэлгээтэй удирдагчтай компаниуд багаараа бахархдаг, цаашдаа улам ихийг хийнэ, дахиад суралцаж, сайжруулна гэж ярьдаг нь илт анзаарагдана.  Тэр хэрээрээ тасралтгүй суралцаж бэрхшээлийг даван туулж чаддаг. 


# Ажиллах арга барилаа өөрчлөхөөс эмээх нь хэвшмэл сэтгэлгээтэйн шинж

Хүн бүхэнд хэвшмэл болон өсөлтийн сэтгэлгээний хандлага байдаг.  Бүх зүйл дээр нээлттэй хандаж, тасралтгүй сурч судална гэдэг амаргүй. Тав тухтай, илүү хялбар байдлаар хэвшмэл сэтгэлгээгээр хандах нь хялбар байдаг л даа. Гэхдээ орчин үеийн зах зээл дээр өрсөлдье гэвэл аливааг шинээр суралцах хүсэл сонирхолтой байхаас өөр арга алга. 

Жишээ нь цар тахлын үед бизнесийнхээ арга хэлбэрийг өөрчлөх сонголт ирээд байна. Зарим компаниудад бизнесээ бүрэн онлайн болгох боломж байна шүү дээ. Гэтэл удирдлагууд, ажилтан ч заавал ажил дээрээ ирж цагаа бүртгүүлж, хяналтын дор ажил гүйцэтгэх ёстой гэсэн хуучинсаг сэтгэлгээ нь саад болж байгаа нь анзаарагдсан. 

Тэгэхээр ажилтан ч, компанийн удирдлагууд ч цоо шинэ арга барилд дасан зохицох сэтгэлгээг төлөвшүүлэх ёстой. Энэ бол өсөлтийн сэтгэлгээний нэг хэлбэр юм.

Хөл хорио зарлалаа гэдэг нь бүх зүйл зогссон гэсэн үг биш. Энэ цаг хугацаа нь хувь хүний хувьд ч компанийн хувьд ч цоо шинээр суралцах, ирэх жилийнхээ төлөвлөгөөг эргэн харах боломжит цаг хугацаа юм. 


# "Эго"-той захирлууд буюу би хамгийн мундаг нь...

Би л энэ компанийг босгосон, би л хамгийн их ажилладаг гэсэн өөрийгөө  хэт дөвийлгөсөн хандлагатай захирлууд байдаг. Ингэж боддог учраас доод шатны ажилчдынхаа санал санаачлагыг хүлээн авдаггүй. Эсвэл алдаа гаргахаас айж шинэ зүйлийг эхлүүлдэггүй. 

Манлайлагч өөрөө энэ төрлийн хэвшмэл сэтгэлгээгээр асуудалд хандвал ажил урагшлахгүй, компани нь урт хугацаанд амжилттай ажиллаж дараагийн шинэ шатандаа гарч чадахгүй. Эсрэгээр байгууллагын захирал нь байнга суралцдаг төдийгүй ажиллагсдаа тогтмол сургалтад хамруулдаг компанийн үйл ажиллагаа тэлж, хурдтай өсдөг жамтай.

Мөн ажилтнууд ч гэсэн өөр өөрийн ажлаа л хийх ёстой гэсэн аминч үзлээр хандаж болохгүй. Ийм хандлагатай бол хэвшмэл сэтгэлгээтэй байгаагийн шинж. Эсрэгээрээ өсөн хөгжих сэтгэлгээтэй хүн л мэдлэгээ хуваалцаж, бусдадаа тусалдаг. Тэд эргэн тойрноосоо байнга суралцдаг учир хамтран ажиллагсад нь түүнээс мэдэхгүй чадахгүйгээ үргэлж асуудаг.


# Өсөлтийн сэтгэлгээ гэж юу вэ?

Ямар ч хүн сайтар хичээвэл оюун ухаан, авьяас чадваруудаа хөгжүүлж чадна гэсэн үзлээр аливаад ханддаг бол таныг өсөлтийн сэтгэлгээтэй хэмээн дүгнэж болно.  Хүнд байгалиас заяасан авьяас, уураг тархины чадвар нь эхлэлийн цэг бөгөөд түүнийг хичээл зүтгэл гарган, шаргуу оролдлого хийснээр  хөгжүүлэн амжилтад хүрч болно хэмээн шинэ үеийн мотивацийн онолын нэрт судлаач Карол Двек “Mindset” номондоо дурдсан байдаг.