Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар, Тайваний “Ци Шинь сан”, Монгол Улсын “Хязгааргүй байгаль сан” ТББ хамтран Монгол Улсын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 300 ширхэг Тайваний мод усалгааны эко хувин хандивлаж, мод тарилаа. 

Тайваний мод усалгааны эко хувинг Монгол Улсад 2 дахь удаа оруулж ирж бэлэглэж буй явдал юм. 

Энэхүү хувин нь дахин боловсруулсан цаасны целлюлозыг ашиглан эко хувинг үйлдвэрлэсэн бөгөөд суулгацыг 1 сарын турш ус чийгээр бүрэн хангах шийдэлтэй юм.

“Ци Шинь” сангийн хөгжүүлсэн уг хувинг дахин боловсруулсан цаасны целлюлоз ашиглан үйлдвэрлэдэг тул байгаль орчинд ээлтэй, 3-4 жилийн дараа задарч, хөрсөнд шингэдэг гэдгээрээ онцлог аж.

Тайваньд эко хувин ашиглалгүй суулгасан моддын 10 хувь нь л ургаж байсан бол уг хувинг ашигласнаар 70-95 хувь нь амжилттай ургажээ. Иймд уг эко хувинг Монгол Улсад ашиглах нь нэн тохиромжтой юм.

Ингэснээр хуурай хөрстэй бүс нутагт модны ургалт, ойжуулалтыг нэмэгдүүлэх боломжтой.

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөртэй холбогдуулан Нийслэлийн төр захиргааны байгууллагууд мод тарих, Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Хөгжиж буй улс орнууд ч ойрын хугацаанд ногоон байгууламжийг тэлэх чиглэлээр хүчин чармайлт гарган ажилласаар байна. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтод идэвхтэй дэмжлэг үзүүлж буй Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар болон Тайваний “Ци Шинь сан” ТББ-д талархаж байна” гэв.

Тайваний Ци Шинь сангийн захирал Чэн Ли И “Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр энэ удаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй мод тарих чиглэлээр хамтран ажиллаж буйдаа гүнээ талархаж байна. Бид Тайваний далайн эрэг дагуу зуны улиралд 80 градус хүртэл халдаг, өвөлдөө хүчтэй салхи салхилдаг элсэрхэг хөрсөнд одоогоор 1.1 сая гаруй мод тариад байна. Энэ удаагийн хамтын ажиллагаагаар дамжуулан бидний үйл хэрэг цаашид улам бүр өргөжин тэлэх боломж нээгдэж, Монгол орны хөрсөн дээр илүү олон мод амжилттай тарьж суулгах болно гэдэгт итгэлтэй байна. Ой модтой бол устай, зөөлөн уур амьсгалтай болж, байгалийн үзэсгэлэнт өнгө төрхийг бүрдүүлнэ. Ингэснээр бид уур амьсгалын сорилттой тулгарах үед илүү тэсвэртэй, уян хатан байж чадах болно.” гэв.

Монгол Улсын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү.Оюунзул “Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар болон Тайваний Ци Шинь сангийн зүгээс 300 ширхэг Тайваний мод усалгааны эко хувин хүлээлгэн өгсөнд гүнээ талархаж байна. Манай цэцэрлэгт хүрээлэн энэ удаад 600 ширхэг тарьц суулгацыг тусгайлан бэлтгэн суулгасан ба үүний 300 суулгацыг Тайваний мод усалгааны эко хувинг ашиглан суулгаж, мод суулгацын харьцуулсан талбай байгуулсан. Ингэхдээ цэцэрлэгт хүрээлэнгийн олны нүдэнд харьцангуй ил талбайг ашиглан, үзүүлэнгийн талбай болгож тохижуулсан.” гэв. 

Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын тэргүүн Грэйс Лүө хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөртэй холбогдуулан манай төлөөлөгчийн газар нь Тайваний Ци Шинь сантай хамтран өнгөрсөн онд Үндэсний соёл амралтын хүрээлэнд эко хувингийн тусламжтайгаар нийт 280 ширхэг мод суулгасан бөгөөд эдгээр модны суулгац нь 100% амжилттай ургаж чадсан. Энэ удаагийн хамтын ажиллагааны хүрээнд Тайваний мод усалгааны эко хувингийн 2 дахь хэсгийг Монгол Улсад хүлээлгэн өгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эко хувин ашиглан мод суулгасан 2 дахь туршилтын талбайг байгуулав. Ингэснээр дээр дурдсан эко хувинг Монгол оронд сурталчлах үндэс суурь болно гэж найдаж байна.” гэв.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Лүө болон Ци Шинь сангийн захирал Чэн Ли И нар 300 ширхэг мод усалгааны эко хувинг Монгол Улсын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү.Оюунзулд хүлээлгэн өгөв. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албаны төлөөлөлтэй дурсгалын зураг татуулав.


Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Лүө болон Ци Шинь сангийн захирал Чэн Ли И нар 300 ширхэг мод усалгааны эко хувинг Монгол Улсын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү.Оюунзулд хүлээлгэн өгөв. Энэ үеэр Монгол Улсын төрийн албаны төлөөлөл, АНУ болон Украины эрхэм хүндтэй зочид төлөөлөгчидтэй дурсгалын зураг татуулав.