ХХЗХ-оос хийсэн 2020 оны судалгаагаар манай улсын 13-18 насны хүүхдийн 96 хувь нь Фэйсбүүк хэрэглэдэг бөгөөд тэдгээр хүүхдүүдийн нэг өдрийн цахим хэрэглээ 237 минут орчим гэж гарчээ. Энэ нь  нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 3 дахин их үзүүлэлт юм.

Судалгаанд оролцогчдын 57% нь үе тэнгийнхний цахим дарамт их байдгийг хүлээн зөвшөөрчээ. Үлдсэн 43% нь цахим дарамт ордог талаараа хариулжээ. 

Үүний цаана  монгол хүүхдүүд цахим хэмээх чөлөөт ертөнцийн цаана ямар их асуудалд орооцолдож бие сэтгэлийн хувьд дарамтад ордог нь харагдана.

Сэтгэл эмзэглүүлэм олон жишээ бий ч энэ удаа бусад улс орон хүүхдээ цахим гэмт хэргээс хамгаалахын тулд ямар арга хэмжээг авдаг талаар хүргэхээр бэлдлээ.


Солонгосчууд хүүхдийнхээ цахим хэрэглээг шууд хянах программ ажиллуулдаг

Өмнөд Солонгос улс интернэт технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлдэг ч хүүхдийн цахим хэрэглээнд онцгой анхаардаг. Тухайлбал Солонгосын үүрэн телефоны компаниуд (LG U Plus, SK телеком, KT) хүүхдийг цахим халдлагаас хамгаалах зорилгоор программ гаргасан байдаг. Энэхүү үйлчилгээг хэрэглэгчид нэмэлтээр авдаг бөгөөд сарын 3000-5000 вон төлдөг.

Жишээлбэл KT компанийн гаргасан "Аюулгүй интернэт” үйлчилгээ нь насанд хүрээгүй хүүхэдтэй солонгос айл өрхүүдийн хувьд нэн хэрэгцээтэй бүтээгдэхүүний нэг юм. Үүнд зүй бус агуулгын хандалтыг зогсоохоос гадна компьютер хэрэглэх цагийн тохиргоо, хүүхдийн байршил тогтоох үйлчилгээ зэргийг ч багтаасан байдаг.


Хэрэв эцэг эхчүүд хүүхдийнхээ ухаалаг утсанд энэ аппликейшнийг суулгавал хүсээгүй программуудыг хаахаас гадна хэн рүү залгаж, ямар сайт үзэж байгааг мэдэх боломжтой. 


Хүүхдийг 10 минутаас 1 цаг тутамд байршлыг автоматаар хянадаг функц ч бий.  Энэ нь хүүхэд эцэг эхийн заасан хязгаараас гарахад тэр даруй эцэг эхэд нь мэдэгдэл илгээдэг тохиргоотой.


Түүнчлэн гар утасны ашиглалтын хугацааг хязгаарлах, зөвшөөрөлгүй төлбөрийг зогсоох, WiFi-ийг нь унтраах, камерыг хаах, интернетийг таслах  зэрэг олон төрлийн функцуудтэй.

Асран хамгаалагч нь өсвөр насныхны интернэт эрх чөлөөг ингэж хязгаарлах нь хуульчлагдсан байдаг. 

Тухайлбал Солонгосын Харилцаа холбооны бизнесийн тухай хуулийн 32-7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Харилцаа холбооны компаниуд насанд хүрээгүй хүүхдэд зориулсан материалуудыг хаах арга хэрэгслээр хангах ёстой" гэж заасан байдаг аж. Үүнээс гадна тус хуульд "Хэрэв уг програм устгагдсан эсвэл ажиллахгүй бол энэ тухай хууль ёсны төлөөлөгч (эцэг эх)-д сар бүр мэдэгдэнэ" гэж заажээ. Хуульд ингэж хатуу заасан учраас солонгос эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээг байнга хянах үүргээ биелүүлдэг аж.


Юта мужийн хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахын тулд эцэг эхийнхээ зөвшөөрөл авдаг

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны мэдээлж буйгаар цахим орчин дахь секс гэмт хэрэг үйлдэгсдийн 65 гаруй хувь нь хүүхдийн гэр, сургуулийн байршил, өдөр тутмын цагийн хуваарь, найз нөхдийнх нь талаар мэдээлэл цуглуулах зорилгоор олон нийтийн сүлжээг ашигладаг байна. 


Энэ асуудал шинэ үеийн америкчуудын толгойны өвчин болсон учраас янз бүрийн шийдлүүдийн эрэлд гараад байгаа юм. Тухайлбал АНУ-ын Юта муж нь 18-аас доош насны хэрэглэгчдийн бүртгэлд эцэг эхийн зөвшөөрөл авахыг олон нийтийн мэдээллийн сайтуудаас шаардсан анхны муж болж, Инстаграм, ТикТок зэрэг платформуудад хэрэглэгчдийн насыг баталгаажуулах тохиргоотой болгох шаардлага тавив.


2024 оны 3-р сараас хэрэгжиж эхлэх уг хуулийг бага насны хүүхэд болон өсвөр үеийнхний нийгмийн сүлжээнд донтох хандлага нэмэгдэж, цахим дээрэлхэлт, насанд хүрэгчдийн контент, хувийн мэдээлэл алдагдах зэрэг эрсдэлээс болгоомжлох үүднээс гаргасан байна.

АНУ-ын судлаач, мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар олон нийтийн сүлжээнд донтох нь бүтээмж буурч, нийгмээс тусгаарлагдахад хүргэдэг аж.

Калифорниад гэхэд Facebook, Snapchat, TikTok зэрэг олон нийтийн сүлжээний компаниуд 13 ба түүнээс дээш насны хүүхдүүдэд програмаа татаж авах боломжийг олгодог ч насанд хүрээгүй хүүхдүүдэд зориулсан нууцлалын хатуу тохиргоотойгоор мэдээлэл өгдөг. 

 

14 хүртэлх настай хятад хүүхдүүд өдөрт 40 минутыг л интернэт орчинд өнгөрүүлдэг

Хятад улс бага насны хүүхдийн интернет орчин дахь аюулгүй байдлыг хамгаалах туршлагаараа дэлхийд тэргүүлдэг. Ямар төрлийн хяналтыг тус улсын засгийн газар болон эцэг эхчүүд тавьдаг болохыг товчхон хүргэе.

 

1. Цагийн хязгаар буюу өдөрт 40 минут л зарцуулдаг

TikTok-ын Хятад хувилбар болох Douyin болон TikTok үйлдвэрлэгч Bytedance нь 14-өөс доош насны бүх хүүхдэд хязгаарлалт тавьдаг. Энэ нь өдөрт 40 минут л зарцуулах функц юм. Мөн 22:00-06:00 цагийн хооронд Douyin аппликейшнд нэвтрэх боломжгүй байхаар тохируулагдсан.

 

2. Бичлэг бүрийн хооронд 5 секундын завсарлага өгдөг

Өнгөрсөн сард Douyin аппликейшн бичлэг тус бүрийн дундуур таван секундын завсарлага нэмэхээ мэдэгджээ. Богино хугацааны энэхүү түр зогсолт нь хүүхдэд гар утсаа тавих, унтах, хийх зүйлээ санах зэрэг боломжийг олгох давуу талтай. Эцэс төгсгөлгүй гүйлгэх дэлгэцийн донтолтоос ч мөн сэргийлэх зорилготой.

 

3. Боловсролын контентуудыг л үзүүлдэг

Хүүхдүүдийн насанд тохирсон сонирхолтой контентууд хийх нь бусад зүй бус агуулгад татагдахаас сэргийлдэг. Тиймээс Douyin апп хүүхэд багачуудад зориулсан шинжлэх ухааны туршилт, танин мэдэхүйн бичлэгийнхээ тоог нэмэгдүүлэхээ мэдэгдсэн байна.

 

TikTok апп нь өсвөр үеийнхэнд тохирохгүй зарим агуулгыг блоклохын тулд, цахим гэмт хэргээс сэргийлж эцэг эхийн хараа хяналтыг хөгжүүлэхээр болжээ. Эхний ээлжинд ээж аавуудын хүсэлтээр 18-аас доош насны хэрэглэгчдийн өдөр тутмын ашиглалтын хугацааг 60 минутаар хязгаарлах шийдэлд хүрээд буй. 

 

Испани эцэг эхчүүдийн 50 хувь нь хүүхдийнхээ цахим хэрэглээг хянадаг 

Испанид INCIBE буюу “Хүүхдэд зориулсан аюулгүй интернет” програм нь насанд хүрээгүй хүүхдүүдийг зохисгүй контентуудад нэвтрэхийг хориглосон контент шүүлтүүрийн систем ажилладаг. Тус программ нь хүүхдийн технологи ашиглах хугацааг хязгаарлаж, тогтоосон хугацааны дараа интернэт нь унтардаг байна.

Уг тохиргоо нь насанд хүрээгүй хүн тэрхүү тохиргоог өөрчилж устгах боломжгүй байхаар бичигджээ.

2020 онд хийсэн Функасийн судалгаагаар Испани улсад 15-аас доош насны хүүхэдтэй эцэг эхийн 54 хувь нь хүүхдийнхээ цахим төхөөрөмжийг хянадаг болохыг тогтоожээ. Тухайлбал Circle, Bark, Web Watcher болон Teen safe зэрэг програмууд нь хар тамхи, секс гэх мэт төрөл бүрийн зүй бус үгсийг ашигласан контент үзэх үед эцэг эхэд анхааруулсан мэдэгдэл илгээдэг.

Эх сурвалж:  telefonica.com,  reuters.com