УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцууллаа.

Үүний дараа хэлэлцэх асуудлуудтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан санал хэллээ.

Тэрээр "Өнгөрсөн 2 дугаар сарын 2-нд УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын даргад Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийн шинэчилэх тухай хүсэлтийг албан тоотоор хүргүүлсэн. Үүнээс хойш 3 сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ асуудлыг дэвшүүлэнгүүт Ажлын хэсгийн ахлагч нь яарч, дэд ажлын хэсгийг хуралдуулсан болж, олон хүнийг, олон цаг яриулж байгаад тараасан. 

Үндсэн Ажлын хэсгийг хуралдуулаагүй. Ажлын хэсэг хуралдаж, санал бодлоо хэлэлцэж байж дүгнэлт гардаг. Гэтэл Ажлын хэсгийг хуралдуулалгүйгээр дүгнэлт гаргаад, тэрийгээ туслахаараа өрөөнүүдээр дамжуулж гарын үсэг зуруулсан. Нэгдүгээрт, ийм зарчмыг би хүлээн зөвшөөрөөгүй. Хоёрдугаарт, дүгнэлтийн төсөл нь туйлын хангалтгүй байсан. Дубайн гэрээг өөрчлөх шаардлагатай гэдэг санал дэвшүүлж буй боловч цаана нь яагаад гэдэг санхүүгийн тооцоолол, үндэслэл байхгүй. Математикт хэн ч маргахгүй зөвийг гаргаж ирэх нэг л үнэн байдаг. Тэрийг заавал гаргаж ирэх ёстой. Гэвч чадаагүй. Хөрөнгө оруулагчийн гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг дурдаагүй. Тэрний цаана санхүүгийн тооцооллууд байгааг гаргаж ирээгүй. "Хөрөнга оруулагчийн гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг өөрчлөхийн тул УИХ хууль, тогтоомждоо өөрчлөлт оруулах хэрэгтэй" гэсэн ганц өгүүлбэртэй. Өөр зүйл байхгүй. 

УИХ-ын 2018 оны 40 дүгээр тогтоолоор гэрээ байгуулах удирдамжийг баталсан. 57 дугаар тогтоолоор тодорхой нөхцөлүүдийг зааж өгсөн. Зөвхөн энэ нөхцөлөөр гэрээ байгуулна гэдэг эрхийг тухайн үеийн Ерөнхий сайд С.Баярт өгсөн. Эдгээр үндэслэлүүд хүчин төгөлдөр байна уу үгүй юу. Хууль тогтоомжид нийцэж байна уу үгүй юу гэдгийг хянах шаардлагатай байтал огт дуугараагүй байна. Санхүүгийн тооцооллыг гаргах бүрэн боломжтой. 

Гэтэл ийм дутуу дүгнэлт гаргачихсан байна. Үүнд 4 гишүүн гарын үсэг зураагүйн нэг нь би. Энэ дүгнэлтийг хэлэлцэж, үүн дээр үндэслэж тогтоол баталж, Засгийн газарт чиглэл өгнө гэх юм бол туйлын хангалтгүй, маргаан үүснэ. 

Тэгэхээр Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийн дүгнэлтийг биш, ажлын хэсгийн явцтай нь танилцах гэдэг асуудлыг хэлэлцэхээр оруулсан гэдгийг анхааруулж байна. Зохих арга хэмжээг нь шуурхай авмаар байна" хэмээлээ.