Б.Баясгалан
03 сарын 18, 2021
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томиллоо. Тус байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нь Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсон учир өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байна.
Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Төрийн албан хаагчдын ёсзүй, сахилга батын дүрмийг батлуулах асуудал хүлээгдэж байгаа. Үүнийг УИХ яаралтай батлах ёстой гэсэн байр суурьтай байна. Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын хуулийг Засгийн газар өргөн барьвал Засгийн газар, ялангуяа төрийн эрх барих дээд байгууллага УИХ анхаарах тавих ёстой.
Нийгэмд янз янзын асуудал үүсч байна. Төрд очиж ажиллахаараа дандаа эрхийн асуудал ярьдаг. Гэтэл ард түмэндээ үйлчлэх үүргээ манай төрд ажиллаж байгаа хүмүүс, төрийн өндөр албан тушаалтнууд умартдаг тал бий. Төрийн алба ёс зүй, дүрэм журам, жудаг, зарчимтай, хууль дээдэлдэг байх ёстой.
Төрийн байгуулалтын байнгын хороог бас Үндсэн хуулийн байнгын хороо гэж ярьдаг. Тиймээс хуулийг хэлбэрэлтгүй мөрдүүлэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо цаашид үйл ажиллагааныхаа зарчим болгож ажиллах ёстой" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.