УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд “Усны нөөц, ашиглалтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” БОАЖ-ын сайд Н.Уртнасан мэдээлэл хийлээ.

Мэдээллийн дараа УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Манай улсад хавдрын өвчлөл өндөр байна. Иргэдийн яг хэдэн хувь нь эрүүл ахуйн шаардлага хангасан ус хэрэглэж байна вэ. Өнөөдрийн байдлаар ААН-үүдийн хэрэглээний усны хэдэн хувь нь саарал ус болж чадсан бэ. Усны үр ашгийг дээшлүүлэх судалгааны ажилд хичнээн төгрөг зарцуулдаг вэ" хэмээн асуулаа.

Хариултад нь сайд Н.Уртнасан "Усны судалгаа, шинжилгээний ажилд жилд 400 орчим сая төгрөг төсөвлөдөг. Усны мэргэжилтнүүдийн жил бүр гаргаж буй тооцоогоор бол гүний усны судалгааг хийхэд жилд 700 саяас нэг тэрбум төгрөг шаардагддаг. Харамсалтай нь 2019-2021 онд гүний усны судалгаа хийх төсвийг шийдээгүй, нэг ч төгрөг төсөвлөөгүй. Нийт нутаг дэвсгэрийн дөнгөж 15 хувьд гүний усны нөөцийн судалгаа хийсэн.

Манай улсын нийт хүн амын 82.5 хувь нь ундны цэвэр усаар хангагдаж байна гэсэн судалгаа бий. Засгийн газрын 2020-2024 оны хөтөлбөрт үүнийг 85 хувьд хүргэх зорилт тавьсан.

Саарал ус ашиглахтай холбоотойгоор ААН-үүд дээр цэвэрлэх байгууламжуудын 50-иас дээш хувь нь бүрэн ажиллаж байгаа. 20-30 хувь нь дутуу ажилладаг гэсэн тооцоо бий. Ер нь 70 орчим хувь нь саарал усийг эргүүлэн ашиглах боломжтой. 

Эрүүл ахуйн шаардлага хангасан усыг ашиглах тал дээр Мянганы сорилтын сангаас 260 орчим сая долларын өртөг бүхий шинэ цэвэрлэх байгууламжийг 2020-2024 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Зураг төслийн ажил 92.5 хувьтай үргэлжилж буй. Энэ байгууламж 2024 онд ашиглалтад ороход Улаанбаатар хотын цэвэр усны хангамжийн асуудлыг цогцоор нь шийдэх боломжтой" хэмээлээ.