Б.Баясгалан
04 сарын 29, 2021
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа.
УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр хүргүүлсэн "Хориг тавих тухай" албан бичигт:
“Монгол Улсын Их Хурал 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн 38 дугаар тогтоолыг баталж, 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, чандлан сахиулах үүрэгтэй Үндсэн хуулийн цэц манах ёстой Үндсэн хуулиа болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудыг бүдүүлгээр зөрчиж, төрийн үйл ажиллагаанд хатуу мөрдөгдөх ёстой “ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх” зарчмыг үл тоомсорлосон байна.
Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас Монголын ард түмэн, Монгол хүний эрх, эрх чөлөөг дээдлэх бус зөвхөн Монгол ардын намын эрх ашгийг хангаж, илэрхий үйлчилсэн захиалгатай гэж үзэхүйц нэн бусармаг шийдвэр гаргасныг Улсын Их Хурал дахь Монгол ардын намын хэт олонхыг бүрдүүлсэн Улсын Их Хурлын гишүүд нэн шуурхай баталгаажуулсан байна.
Монгол ардын нам, түүний удирдлага, гишүүдийн зүгээс явуулж буй улс төрийн өрсөлдөгчөө дарж авах, сонгуульд оролцуулахгүй байх үндсэн зорилго бүхий энэхүү зохион байгуулалттай, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа нь Монгол төрийн түүхэнд гутамшиг болон үлдэх тул Улсын Их Хурал энэхүү үйлдлээ хүлээн зөвшөөрч, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөхүйц арга байдлаар залруулах шаардлагатай гэж үзэж байна.
Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөс улбаатай, хууль зүйн хувьд огт маргаангүй асуудлыг улс төрийн зорилгоор маргаан болгож, түүнийг шийдвэрлэхдээ олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүй бусармаг байдлаар ажиллаж, Үндсэн хуулийн цэц дотооддоо хүртэл зөрчилдлөө.
Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдааныг цөөнх болсон нэг гишүүн нь хаян гарч шийдвэрийг нь албажуулалгүй зугтсан, энэхүү Бага суудлын хуралдаан үргэлжилж байгаа гэсэн мэдээлэлтэйгээр 20 орчим хоног гацсан, үүний дараа шууд Дунд суудлын хуралдаанаа зарласан, Дунд суудлын хуралдаан нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг илэрхий зөрчсөн нөхцөлд, Бага суудлын хуралдааныг будлиантуулсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяраар даргалуулж цагдаагийн өндөр хамгаалалт дор нэн хаалттай хуралдсан зэрэг олон ноцтой асуудлыг дагуулсан.
Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим тул ийм бусармаг байдалд гарсан шийдвэрийг Монголын төр, үүний дотор төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал хүлээн зөвшөөрч, эвлэрч болохгүй.
Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцээс өөр хоорондоо зөрчилтэй хоёр шийдвэр гарч, Бага суудлын хуралдааны шийдвэр Монгол ардын намд таалагдаагүй учир хууль бусаар дарагдаж, Дунд суудлын хуралдааны шийдвэр эрх баригчдын таалалд нийцсэн тул албажиж, хууль болох шатандаа явж байна.
Үүнийг хүлээн зөвшөөрөх нь Монголын ард түмнийг хэт басамжилсан хэрэг болно гэдгийг эрх баригчид, Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн тунгаан бодох хэрэгтэй.
Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас гарсан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Цэц асуудлыг дахин хянаж, Их суудлынхаа хуралдаанаар, бүрэн бүрэлдэхүүнээрээ эцэслэн шийдвэрлэх хуультай.
Иймд хуулийн илэрхий зөрчилтэй, хуйвалдааны шинжтэй гарсан Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авахаас татгалзаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ /Их суудлынхаа хуралдаанаар/ эцэслэн шийдвэрлэж хууль зүйн алдаа, зөрчлөө засах боломжийг олгох нь зүйтэй гэж үзэж байна.
Энэ нь Монгол төрийн түүхэнд үлдэх нэгэн гутамшгаас зайлсхийж, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөхүйц төр оршихын эх үндэс болно гэдгийг онцолъё.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна.
Энэхүү хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [64.119.23.134] ・ 2021.05.02 Хариулах
Battulgiig dahiad 4 jill zvtgvvleh l bsn ym daa MAHgar nam tarwal taarna odooch MAH nam shalbaagd unasan bh
Зочин [103.212.116.101] ・ 2021.04.30 Хариулах
Ерөнхийлөгчөө дэмжиж байна. Ганц ард түмнийхээ талд байгаа хүн гэдэг нь үйлдэл бүхэн дээр нь харагддаг.
Зочин [202.126.89.36] ・ 2021.04.30 Хариулах
Жонхуу хурдан зайлаасай
Зочин [202.55.188.38] ・ 2021.04.30 Хариулах
Ерөнхийлөгчөө дэмжиж байна
Санал болгох
1 Ц.Дэлгэрмэнд: Зохиомол сэтгэцийн эмгэгээс болж өөрт байгаа нандин зан чанараа битгий алдаарай
2 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
3 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
4 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
5 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа