Тайвань хэмнэл: Дөлгөөн атлаа шийдмэг

Тайваньд хүмүүс их тайван байх юм. Адгаж яарч тэгтлээ шаагилдахгүй ч ажил хэрэгч, бүх зүйлс жин тан болоод өнгөрнө. Хүмүүс нь дөлгөөн найрсаг талдаа улс. Орилж хашхичсан хүн төдий л харагдахгүй ч цагийн юм цагтаа болоод л өнгөрнө. Дээр нь Тайпэй их олон орны хүмүүс холхилдсон газар. Хотын гудмаар холхих хүмүүсийг нь анзаараад байхад “ази” гэх хэвшмэл дүрд төдий л хамаахааргүй. Тэр дундаа бидний урд хөрш эх газрын хятадуудаас тэс ондоо ч гэж хэлж болохоор санагдлаа. Хүмүүс нь илүү нээлттэй, чөлөөтэй харилцаатай аж.

Энгийн иргэдийн хувьд Тайвань амьдрахад таатай орон. Гудамж талбай нь цэмцгэр, нийтийн тээвэр нь найдвартай, эмнэлэг, сургууль нь хүртээмжтэй.Тусгаар улс мөн эсэх дээр маргаантай ч тэдний өдөр тутмын амьдрал үргэлжилсээр улс орноо цэгцтэй авч явах гэсэн тэмүүлэл нь тасрахгүй. 

Сэтгүүлч миний бие Тайваньд зочлох үеэрээ уулзсан төрийн байгууллагын төлөөллүүд болон судлаач эрдэмтэн, технологийн мэргэжилтнүүдийн илтгэл, ярианаас нэгэн дүгнэлтэд хүрсэн. 

Энэ улс бол ардчилал гэх үнэт зүйлд зангидагдаж, технологийн хүчээр хөгжлөө урагшлуулж, сул талаа ч давуу тал болгож чадсан уян хатан, зоригтой нийгэм. 

Ардчилал буюу нийтийн итгэл үнэмшил 

"Хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан улс гэдэг Тайвань яагаад биеэ даасан байх ёстойн гол шалтгаан. Ардчилал байснаар иргэдийн оролцоо, итгэлцэл дээр тулгуурласан нийгмийн амьд урсгал бий болдог" хэмээн албаны хүмүүс онцолж байлаа. 

Тайванийн ард түмэн хоосон улс төржөөд өнгөрдөггүй. Байгаль орчны хамгаалал, жендэрийн эрх тэгш байдлын төлөө идэвхтэй дуугарч, өөрчлөлт авчирч чаддаг гэв. 

Мөн судалгаагаар ард иргэдийн 80-аас дээш хувь нь ардчилалдаа үнэнч гэж хариулжээ. Ямар сайндаа хундага өргөхдөө “ардчиллын төлөө” гэх билээ дээ.

ЗурагТайлбар



Инноваци ба технологийн хүч 

Шинийг сэтгэх чадвар, шинжлэх ухаанд хөрөнгө оруулсан бодлогоороо газар нутгийн хувьд жижиг, байгалийн нөөцгүй, геополитикийн эргэлзээтэй хэмээх сул талаа нөхөж чаддаг. Тухайлбал, Тайванийн шинжлэх ухаан, технологийн голлох 20 хүрээлэн байдаг ажээ.  Энэ хүрээлэнгүүдэд үйл ажиллагаа явуулдаг технологийн 1000 гаруй компани улсынхаа эдийн засгийн 10 хувийг бүрдүүлдэг. Өнгөрсөн онд гэхэд үйлдвэрлэлийн орлогоороо 148 тэрбум ам.доллар олсон байна. Энэ нь манай улсын жилийн төсвөөс даруй 15 дахин их гэсэн үг. 

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Тогтвортой хөгжилд манлайлах тууштай зорилго

Тайванийн бас нэг амин чанар нь тогтвортой хөгжлийг дэмжих, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн нийгмийн хандлага. Үүнийг тэд зүгээр нэг уриа лоозон биш, харин Засгийн газрын бодлого, компаниудын соёл, иргэдийн өдөр тутмын сонголтод суусан үнэт зүйл болгосон хэмээн шат шатны төлөөллүүд хэлж  байлаа. Очсон газар бүрээс ч тэрхүү хандлага нь илт анзаарагдаж байв. 

Жишээлбэл, хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоо нь хуулиар зохицуулагддаг. Хог ачих тодорхой цагтай. Гудамжиндаа хогийн савгүй, тэгсэн мөртлөө хөглөрсөн хоггүй. Ангилж ялгасан хогийг л авдаг гээд зөвхөн хогны менежмент гэхэд л өчнөөн сайн туршлага авч болохоор. 

ЗурагТайлбар




Нөгөө талаас байгальд ээлтэй амьдралын хэв маяг гэдэг зөвхөн хувь хүний ухамсар биш, харин хамтын хариуцлага гэж хүлээн авдаг. Тиймдээ ч Засгийн газар, хувийн хэвшил нь голлох шийдвэрийг гаргаж, иргэдэд сонголтыг бүрдүүлдэг манлайлагчид. 

Бидний байрласан буудалд гэхэд “Хэрвээ цагаан хэрэглэлээ угаалгах шаардлагатай бол, энэ жижиг дэрийг орон дээрээ үлдээгээрэй” гэж бичсэн байсан. Энэ нь угаалгын уусмал, ус, цахилгааныг хэмнэхийн зэрэгцээ байгальд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулдаг гэж байгаа юм. Хэн хэндээ ашигтай энгийн боловч үр дүнтэй аргуудын нэг нь. 

Мөн өрөө бүрд хог хаягдлаа ангилах заавар, гэрэл автоматаар тохируулах систем, усны даралтыг тохируулах систем гээд өдөр тутмын амьдралд байгаль орчноо хамгаалах технологийн шийдлүүдийг тусгасан байлаа.
Дэлгүүрээс бараа авахад хэлэхгүй л бол гялгар уут өгөхгүй, ер нь үнэтэй. Тайвань хүмүүс бол даавуун тортойгоо байнга явдаг юм байна. Бас ажил, гэртээ нэг удаагийн аяга, халбага төдий л хэрэглээд байдаггүй хандлагатай гэв. 

Ийм жижиг зүйлсээр дамжуулж, засгийн газар, бизнес эрхлэгчид, иргэд нэгэн зорилготойгоор тогтвортой хөгжлийг дэмжиж байгааг харах урамтай.

Боловсролын салбараар тэлэх Монгол Тайванийн харилцаа

Тайванийн хувьд манайтай эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, технологи зэрэг салбарт харилцаагаа өргөжүүлэх чин хүсэлтэй. Тэр ч утгаараа жил бүр олон монгол оюутанд тэтгэлэг олгодог.  

Тайваньд сурдаг оюутнууд ихэнхдээ бизнесийн удирдлага, олон улсын харилцаа, соёл урлагийн чиглэлээр суралцдаг гэнэ. Гэтэл үүний цаана шинжлэх ухаан, мэдээллийн технологи, инженерчлэл гээд Тайваниас шүүрдэж авах гол салбарт манайхан хангалттай олуулаа суралцахгүй байгаа нь анхаарах л асуудал.

Олон улсын тэтгэлгийн хөтөлбөрт Тайванийн Засгийн газрын хувьд жил бүр 400 орчим оюутанд олгогддог. Үүнд нь сургалтын төлбөр, амьжиргааны зардал, эмнэлгийн даатгал зэрэг зардлыг хамардаг байна. Мөн их сургууль тус бүрийн тэтгэлэг,  алдартнуудын нэрэмжит тэтгэлэг гээд монгол оюутнуудад Тайваньд суралцах боломж  өргөн бий.

Холбоотой сэдвүүд

сурвалжилга тайвань

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.