Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
02 сарын 10, 2026
Тарни багийн төв дэх хуучин сургууль нь анх төмөр замчдын туслах ажилчдын байр байжээ. 1982 оноос багийн бага сургууль болгон ашиглаж ирсэн ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хуучирч элэгдэн, жавар тачигнах өвлийн эд хүйтнээр багш сурагчид куртиктэйгээ суухаас аргагүйд хүрдэг болов. Иймээс ч өнгөрсөн оны 10 дугаар сард шинэ сургууль барина гэсэн мэдээ Тарни багийн хөгшин, залуу хүн бүрийн магнайг тэнийлгэсэн байна.
БИЧЛЭГ ҮЗЭХ:
Үүнээс хойш 4 сар орчмын хугацаанд сургуулийн шинэ барилга сүндэрлэн босож, 2026 оны нэгдүгээр сарын 26-нд албан ёсоор нээлтээ хийсэн нь энэ юм. Нийт 75 хүүхдийн багтаамжтайгаар барьсан энэ сургууль өдгөө 40 гаруй сурагч, 10 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж буй аж.
Шинэ барилга ашиглалтад орсноос хойш хичээлдээ явахаа болиод удсан хэд хэдэн сурагч ангидаа суралцаж эхэлжээ. Түүнчлэн сумын төв рүү шилжсэн сурагчид гэртэйгээ ойр, дэлхийн жишигт нийцсэн шинэхэн сургуульдаа сурахаар буцаж ирж байгаа талаар сургуулийн захирал Б.Наранцацрал хэлсэн юм.
Боловсролын сайд П.Наранбаяр нээлтийн үеэр хэлэхдээ, хүүхдүүд сургуультайгаа ойр байх нь эцэг эхчүүдэд төдийгүй орон нутгийн амьдралд ч чухал нөлөөтэйг онцоллоо. Мөн сургууль нь гэртэйгээ ойр байх тусам хүүхдүүд нутагтаа үлдэж, гэр бүлтэйгээ хамт өсөж, ирээдүйд нутгийнхаа эзэн болж төлөвших боломж бүрдэнэ хэмээн тэмдэглэв.
Боловсролын сайд П.Наранбаяр
Тэрбээр цаашид суурьшил ихтэй сум, багууд гээд 60 байршилд багийн бага сургуулийг үе шаттайгаар байгуулахаар төлөвлөж байгааг дурьдсан юм. Харин энэ жилийн хувьд 16 сургууль шинээр ашиглалтад орно гэсэн хүлээлттэй байгаа аж.
Аз жаргалтай хүүхэд илүү сайн суралцдаг
Багийн бага сургууль төсөл хүүхдүүд гэр бүлийн орчинд ээж аавтайгаа өсөж торних, нийгэмших боломжийг бий болгох зорилготой. Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн санаачилгаар хэрэгжиж буй төслийг ХААН Банкны хамт олон дэмжиж иж бүрэн тохижуулсан, олон улсын стандартад нийцсэн 3 дахь сургуулиа хүлээлгэн өгч буй нь энэ юм.
Үүнээс өмнө өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ховд аймгийн Үенчийн отряд, Увс аймгийн Боршоо боомтод тус бүр 75 хүүхдийн хүчин чадалтай багийн бага сургуулийг ашиглалтад оруулж, малчин айл өрх, хилийн цэргийн алба хаагчдын хүүхдүүдийг гэрийнхээ ойролцоо сургуульд суралцах боломжтой болгожээ. Түүнчлэн тун удахгүй Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт ХААН Банкны хөрөнгө оруулалтаар дахин нэг сургуулийн үүдийг нээхээр төлөвлөж байгаа аж.
Харвардын “Хүүхдийн хөгжлийн төв”-ийн судалгаанд дурьдсанаар, хүүхэд бага насандаа асран хамгаалагчтайгаа ойр байх нь тэдний тархины хөгжилд шийдвэрлэх нөлөөтэй байдаг гэжээ. Тодруулбал, эцэг эхээсээ удаан хугацаанд хол байсан хүүхдүүд сэтгэл зүйн дарамтад илүү өртдөг байна. Энэ нь тэдний хичээлд төвлөрөл, сурах идэвх, танин мэдэх чадварт шууд нөлөөлдөг байна.
Эсрэгээрээ тогтвортой гэр бүлийн орчинд, аав, ээжтэйгээ хамт өсөх үедээ хүүхэд сэтгэл зүйн хувьд илүү тайван, аз жаргалтай байдаг гэжээ. Улмаар сурч ойлгох чадварт нь эергээр нөлөөлдөг байна. Ялангуяа 6–10 нас бол хүүхдийн сэтгэл зүй, сурах дадал төлөвшдөг хамгийн чухал үе гэдгийг судлаачид онцолдог.
ХААН Банк-ны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, “Хөдөө орон нутгийн хүүхдүүд зургаахан настайгаасаа дотуур байранд амьдрах шаардлагатай болдог нь эцэг эхчүүдэд хамгийн хүнд асуудал. Боловсрол бол ХААН Банк Сангийн үндсэн чиглэлийн нэг бөгөөд бид эрүүл мэнд, тэгш оролцоо, нутгийн соёлын хамтаар энэ салбарт тогтвортой дэмжлэг үзүүлж ирсэн. Энэ утгаараа бид энэхүү санаачилгыг дэмжиж хүүхдийг гэр бүлээс нь салгахгүйгээр чанартай боловсрол олгох боломжийг бүрдүүлж байгаадаа баяртай байна” гэлээ.
ХААН Банк-ны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа
Монголын тэргүүлэх банк болох ХААН Банк Тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд нийгмийн хариуцлагын ажлуудыг ХААН Банк сангаараа дамжуулан 2007 оноос өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж иржээ. Энэхүү сангаараа дамжуулан үндсэн 6 чиглэлд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хамгийн чухал хэсэг болох боловсрол, эрүүл мэнд, тэгш оролцоо, нутаг орны соёл заншлыг дээдлэх чиглэлд илүүтэй анхаарал хандуулдаг байна.
Дэлхийн жишигт нийцсэн багийн бага сургуулиуд “хөдөөгийн” гэх уламжлалт ойлголтыг эвдэж байна
Шинээр барьж буй багийн бага сургуулиуд яг ижил загвар, ижил стандартаар баригдаж байгаа нь төслийн хамгийн чухал давуу талын нэг юм. Өөрөөр хэлбэл, аль аймаг, аль багт барьнаас үл хамааран хүүхдүүд адилхан чанартай сургуулийн орчинд суралцаж байна. Энэ утгаараа бүх сургуулийг өндөр хурдны Starlink интернэт, цахим анги, стандартад нийцсэн гал тогоо зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон гэсэн үг юм. Тиймээс дэлхийн боловсролыг хөдөө орон нутагт ч эзэмших боломж бүрдэж байна.
Энэ сургуульд 10 гаруй жил багшилж буй Б.Ганхуяг, “Хүүхдүүд маань хотын үе тэнгийнхнээсээ хоцорно гэсэн ойлголт байхгүй боллоо. Сургалтын хэрэглэгдэхүүн, компьютер, таблет, өндөр хурдны интернэт орчныг нь бүрдүүлээд өгчихлөө. Одоо хүүхэд, багш, эцэг эх ойлголтоо нэгтгэж, хамтран ажиллаж чадвал багийн бага сургуулийг ‘хөдөөгийн’ гэж нэрлэх шаардлагагүй болж байна хэмээсэн юм.
Цахилгааны гурван эх үүсвэртэй, тог тасрахгүй сургууль
Тарнй багийн бага сургууль
Шинэ сургуулийн барилгыг барихдаа нарны тусгалыг хамгийн их ашиглах байдлаар төлөвлөжээ. Том хэмжээтэй цонхнуудыг оновчтой байрлуулснаар өдрийн нарны дулааныг барилгад шингээн хадгалж, өвлийн улиралд ч анги танхимууд дулаан байх нөхцлийг бүрдүүлсэн байна. Мөн шалны халаалтын систем суурилуулснаар дулаан жигд тархаж, хүүхдүүд аюулгүй, тав тухтай орчинд суралцах боломжтой болжээ.
Барилгын гадна талбай 342 м², дотор ашиглалтын талбай 302 м² бөгөөд уламжлалт сургуулийн барилгуудтай харьцуулахад цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ 10–15 хувиар бага байхаар тооцоолсон байна.
Түүнчлэн сургууль цахилгааны гурван эх үүсвэртэйг барилгын зураг төсөл дээр гардан ажилласан НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх инженер Т.Батаа онцолж байв. Үүний нэг нь нарны цахилгаан үүсгүүр бөгөөд нийт 34.4 кВт хүчин чадалтай нарны панелийн систем суурилуулжээ. Барилгын нийт цахилгаан ачаалал 60 кВт бөгөөд энэхүү систем нь зуны улиралд цахилгаан хэрэглээний 50 орчим хувийг, өвлийн улиралд нарны тусгал багассанаас шалтгаалан 15–20 хувийг хангахаар тооцоолсон байна.
Ингэснээр сургууль цахилгааны зардлаа хэмнэхийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй, тогтвортой ажиллагаатай байх нөхцөл бүрдэж байгаа ажээ.
unicef багийн бага сургууль сурвалжилга хаанбанк боловсролын яам
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.