СУРВАЛЖИЛГА: Тайвань хэрхэн дэлхийн инновацын төв болов?

Газар нутгийн хувьд жижиг, байгалийн нөөцгүй, геополитикийн эргэлзээтэй орчинд оршдог атлаа Тайвань улс хэрхэн дэлхийн өндөр технологийн үйлдвэрлэл, инновацын төв болов? Энэ асуултын хариу нь шинийг сэтгэх чадвар, шинжлэх ухаанд хөрөнгө оруулсан бодлого. Тайванийн шинжлэх ухаан, технологийн голлох 20 хүрээлэн байдаг ажээ.  Энэ хүрээлэнгүүдэд үйл ажиллагаа явуулдаг технологийн 1000 гаруй компани улсынхаа эдийн засгийн 10 хувийг бүрдүүлдэг. Өнгөрсөн онд гэхэд үйлдвэрлэлийн орлогоороо 148 тэрбум ам.доллар олсон байна. Энэ нь манай улсын жилийн төсвөөс даруй 15 дахин их гэсэн үг. 

Өнгөрсөн сард сэтгүүлч миний бие Тайвань улсыг зорих завшаан тохиож, энэ үеэрээ тус улсын шинжлэх ухаан, технологийн ууган бөгөөд хамгийн том цогцолбор болох Шинчү шинжлэх ухааны хүрээлэн (Шинчү парк)-д зочлох боломж олдсон юм.  Энэ газар бол Тайванийн технологийн салбарын “зүрх” нь.  

Энэхүү парк 40 гаруй жилийн өмнө ердөө ганцхан барилгад үйл ажиллагаа эхлүүлж байжээ. Харин өнөөдөр энд дэлхийд нэр хүндтэй TSMC, UMC, MediaTek зэрэг хагас дамжуулагч, харилцаа холбоо, хиймэл оюун ухааны чиглэлээр тэргүүлэгч компаниуд төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг, түүнийг дагасан 500 мянга орчим хүн амтай хот цогцлоод байна гэж танилцууллаа. 

Зураг
Тайлбар
1980-аад оны үед Шинчү парк байгуулагдахдаа энэхүү барилгад үйл ажиллагаа эхлүүлж байжээ.
Өдгөө Шинчү паркыг түшиглэж боссон Шинчү хотын харагдах байдал. Барилга нэг бүр нь нэг технологийн компани гэж ойлгоход болохоор...

Товчхондоо энэ хүрээлэн манай “IT park”-тай л ижил статустай, технологийн компаниудаа дэмжиж, салбаа хөгжүүлэх үүрэгтэй газар. Нөгөө талаас Тайванийн засгийн газар шинжлэх ухаан, технологид урт хугацааны бодлого, хөрөнгө оруулалтыг тогтвортой хэрэгжүүлж, бизнесийн дэд бүтцийг бэхжүүлснээрээ энэ салбарын хөгжил ийнхүү хол тасарчээ. 

Технологийн компаниуд нь анхандаа компьютер угсралт, нөүтбүүк, цахилгаан хэрэгсэл зэрэг эцсийн бүтээгдэхүүнийг хийдэг байжээ. Харин одоо илүү нарийн мэргэжлийн, өндөр технологийг бүтээдэг буюу гар утас, компьютер зэрэг ухаалаг төхөөрөмжийг ажиллуулах үндсэн “тархи” болсон хагас дамжуулагч, чип зэрэг цөм технологийг өөрсдөө бүтээдэг болсноор дэлхийн технологийн зах зээлд баттай байр сууриа эзэлжээ. 

TSMC(Taiwan Semiconductor Manufacturing Company) компани гэхэд  дэлхийн хагас дамжуулагчийн салбарын 77 хувийг, хамгийн сүүлийн үеийн 3 хэмжээст нанометрийн (3mn chips) 95 хувийг үйлдвэрлэдэг. Apple, Google, Sony гээд дэлхийн томчууд бүтээгдэхүүнийхээ тархи буюу чипийг эндээс л  авдаг байна.  

Зураг
Тайлбар
Тайваньд төвтэй TSMC компанийн музейтэй танилцах үеэр.  Ухаалаг утас, компьютер, хиймэл оюун ухаан бүгд TSMC-ийн чип дээр ажиллаж байна.


Шинжлэх ухааны төвөө дагаж хөгжих хот 

Шинчү хот бол зөвхөн үйлдвэрлэл явуулах төдий биш, томоохон компаниуд, их дээд сургуулиуд хамтрах, огтлолцох, хөгжих эко систем. Оюутнууд нь сурч байх хугацаандаа л компаниудад дадлагажна, бас аливаа туршилт судалгааны ажлыг ч санхүүжүүлэх, гарааны бизнест нь хөрөнгө оруулах зэрэг таатай нөхцөл бий болгосон. Хамтдаа хөгжье гэдэг бодлоготой л хот юм. 

Гэрэл зургийг istock image-ээс ашиглав.


Үүгээр зогсохгүй, сургуулийн хүүхдүүд бага ангиасаа эхлээд компаниудын музейгээр зочлох, зарим компанийн үйлдвэртэй танилцдаг юм билээ.

Биднийг шинжлэх ухааны төвийн музейтэй танилцах үеэр дунд сургуулийн бололтой хүүхдүүд ангиараа аялж байхтай ч таарлаа. Бүр багаас нь ингэж технологийн орчинд ойр байлгах нь хүүхдийг шинжлэх ухаанд дурлуулж, ирээдүйд инженер,  IT салбарын мэргэжил сонгоход нэмэр болдог талаар музейн тайлбарлагч онцолж байлаа. 


ТЭД хэрэглэгч биш үйлдвэрлэгч байхыг сонгосон

Шинчү паркийн музейд бүр эхэн үеийн бүтээлүүдээс эхлээд гарааны бизнесүүдийнх нь хамгийн сүүлд гаргасан шинэлэг бүтээлүүд нь бий. 

Гэрэл зургийн камерын дуран, дрон, хамгаалалтын камер, цахим ном уншигч гээд дэлхийд танил болсон, өөр улсад үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдийг ч тайвань инженерүүд өөрсдөө багахан өөрчлөөд бүтээсэн нь ч байлаа.  Ер нь үйлдвэрлэх үндсэн арга, технологи нь ил болсон шийдлийг тухайн улс өөрсдийн онцлогтоо тохируулан шинэчилж, хийж чаддаг эсэхээр улс орны технологийн хөгжлийг тодорхойлдог юм байна. Технологийн хэрэглэгч байх уу, үйлдвэрлэгч болох уу гэдгээ сонгож буй хэрэг л дээ. Тайванийн хувьд технологийн шийдлийг жижиг гэлтгүй нэвтрүүлж, өөрсдөө бүтээдэг байх замыг сонгожээ.

Зураг
Тайлбар
Тайванийн инженерүүд эрүүл мэндийн салбарт технологийн шийдэл нэвтрүүлэхэд ихээхэн анхаардаг. Тухайлбал хүүхдийн живхэнд байрлуулаад биеийн халуун, амьсгал, хөдөлгөөнийг хянаж, бүр нойрны чанарыг нь мэдэх боломжтой төхөөрөмж гаргажээ.
Зурагт харагдаж байгаачлан цусны даралт,  зүрхний хэмнэл зэргийг хянадаг ухаалаг цагийг тайвань инженерүүд өөрсдийн онцлогт тохируулан бүтээжээ.
Зурагт харагдаж байгаачлан цусны даралт,  зүрхний хэмнэл зэргийг хянадаг ухаалаг цагийг тайвань инженерүүд өөрсдийн онцлогт тохируулан бүтээжээ.
Зурагт харагдах дрон бол Тайваньд бүтээгдсэн GPS байхгүй орчинд ч нисдэг, гэрэл мэдрэгч камертай, тагнуул-тандалт хийхэд зориулагдсан өндөр хүчин чадалтай дрон гэнэ.
Цахимаар ном унших боломжтой "kindle"-ийг мөн хэл бичгийнхээ соёлд тохируулан гаргажээ.

Тайвань яагаад технологийн хөгжилд ингэж ихээхэн анхаардаг вэ?

Улсын эдийн засгийн хөшүүрэг- Үндэсний инновацын чадамжаар Тайвань улс дэлхийд тэргүүлдэг нь тохиолдол биш юм. Тэдний хувьд технологи бол зөвхөн хөгжил биш, тусгаар тогтнолынх нь баталгаа. Тиймдээ ч Тайвань технологийн салбартаа олон түнштэй, дэлхийн сүлжээнд идэвхтэй тоглогч байхыг зорьдог.  Байгалийн баялаггүй ч хүний оюуныг нөөц гэж харж, түүнд хөрөнгө оруулсан учраас дэлхийн зах зээлд үнэ цэнэтэй байр суурь эзэлж чаджээ. 

Хамгийн чухал нь энэ бүх амжилтыг “өөрсдөө хийж чадна” гэх итгэл, боловсролын тогтолцоо, залуу үеэ бэлтгэх цогц хандлага дэмждэг байна.

Тайванийн туршлага Монголд юуг хэлж байна вэ?

Бид ч бас "жижиг орон" гэх нэршлийн ард нуугдаж суух бус, шинжлэх ухааныг дэмжсэн тууштай бодлого, оюуны чадамжаа зөв удирдах замаар ирээдүйгээ өөрсдөө бүтээх бүрэн боломжтой. Технологи бол зөвхөн хөгжлийн хэрэгсэл бус, үндэстний тусгаар тогтнолын стратегийн үндэс мөн гэдгийг Тайванийн жишээ нотолж байна.

Холбоотой сэдвүүд

сурвалжилга тайвань

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.